Говь-Алтай аймгаас орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-27 22:17:53

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Онцгой комиссын нэгдүгээр сарын 27-ны хуралдаанаар аймгаас орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлалаа. 


Тодруулбал, Улаанбаатар хот, бусад аймаг, сумд руу гарах, орох хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 20:00 цагаас 30-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд бүрэн хязгаарлаад байна. Хил залгаа аймгуудад коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан ийнхүү гурав хоногийн хугацаанд авто тээврийн хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хаажээ. Мөн хугацаанд ар гэрийн гачигдал буюу, нэн яаралтай эмнэлгийн тусламж, хүнс болон шатахуун тээврийг улс, аймаг, сумын онцгой комисстой зөвшилцсөний үндсэн дээр тодорхой хяналтын дор нэвтрүүлэх ажээ. 

Түүнчлэн энэхүү хуралдаанаар Дэлгэр сумын Цагдаагийн пост дээр шинжилгээ авах түр цэгийг байгуулан ажиллахаар болжээ. Ингэснээр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор голомтот бүс нутгаас ирж буй иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авах юм.

Харин төрийн болон аж ахуйн нэгж, зах худалдааны төв, үйлчилгээний газрууд цагийн хуваарийн дагуу хэвийн горимоор ажиллана гэдгийг мэдэгдлээ.


Холбоотой мэдээ