Налайх дүүргийн зарим хэсэгт хөдөлгөөн хязгаарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Налайх /МОНЦАМЭ/. Налайх дүүрэгт коронавирусний хоёр тохиолдол өнөөдөр батлагдаж зарим хэсэгт хөдөлгөөн хязгаарласан талаар тус дүүргийн ЗДТГ мэдээлэв.
Дүүргийн онцгой комисс 13.11 цагт коронавирусний хоёр тохиолдол батлагдсан талаарх мэдээлийг авмагц хуралдаж, тандалтын баг гаргажээ. Улмаар 16.30 цагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг ХӨСҮТ-д, гэрийнхнийг нь Баянзүрх дүүрэгт буудалд тусгаарлажээ.
Одоогийн байдлаар, НЭМТ-ийн дөрвөн тандалтын баг ажиллаж ойрын долоо, дам 63, ойролцоо дөрвөн гудамжны 70 орчим айлын шинжилгээг авч ХӨСҮТ-д илгээхээр бэлдэж байна. Мөн зорчсон газар нь тодорхой гарсан тул одоогоор долоодугаар хорооны нэгдүгээр гудамж болон нисэхийн 40 дүгээр байрны нэг орц, хоёр худалдааны төв, нэг албан байгууллагад тодорхой хугацаагаар хэсэгчилсэн хорио тогтоолоо. Шинжилгээний хариу гарах хүртэл дээрх газруудад тогтоосон хөдөлгөөн хязгаарлалт үргэлжлэх юм.
Дээрх батлагдсан хоёр тохиолдол нь хоёул Налайх дүүрэгт амьдардаггүй, харьяалал бус хүмүүс байна. Бүх маршрут тодорхой гарсан ба ихэнхдээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, "SUNDAY" плаза, "TBD андууд", "бичил хороолол", "Хархорин" худалдааны төвөөр явсан байна.
Харин нэг батлагдсан тохиолдол нь энэ сарын 1-нд 18.00 цагийн орчимд Улаанбаатар хот руу автобусаар явсан тул тухайн маршрутад цагдаагийн байгууллага хяналт, судалгаа хийж байгаа аж. Иймд дээрх цагаар Налайхаас Улаанбаатар хот руу автобусаар зорчсон иргэдийг яаралтай харьяа дүүрэг, оношилгооны төвд шинжилгээ өгөхийг дүүргийн ЗДТГ-аас санууллаа.