Хүүхдийн хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-02-03 18:03:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-аас Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санхүүжилттэй  “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн нээлтийг  цахимаар хийв.  

Хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар "COVID-19"-ийн цар тахлын үр нөлөөг бууруулах зорилготой тус төслийг цар тахлын үед  хүүхдийн эсрэг хүчирхийлэл,  тэр дундаа үл хайхрах хэрэг өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх юм. Мөн үүсэж буй  нөхцөл байдалд  хариу арга хэмжээ авах зорилгоор 15 сарын хугацаатай хэрэгжүүлэх аж. Тодруулбал, Европын Холбооны санхүүжилттэй энэхүү төслийг Монгол Улсын Засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагуудтай нягт уялдаатай хамтран хэрэгжүүлэх юм. Эрсдэлтэй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр иргэний нийгмийн олон байгууллагыг магадлан итгэмжлэгдэхэд дэмжлэг үзүүлэх, хүүхдийн эрхийн хууль зүйн хороодын чадавхийг бэхжүүлэх болон хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тогтолцооны талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 


Монгол Улсад "COVID-19"-ийн халдварыг даван туулах хүчин чармайлт  хүүхдүүдэд урт хугацаанд хүндээр нөлөөлж байна. Эрүүл мэндийн салбар хүнд дарамтад орохоос урьдчилан сэргийлж, цар тахлыг хязгаарлах арга хэмжээг  амжилттай хэрэгжүүлсэн  хэдий ч хүүхдийн боловсролын хүртээмж, сэтгэл зүй болон бие бялдрын хөгжил, төлөвшилт зэрэгт хүсээгүй үр дагаврыг авчирч, цаашлаад  хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь эрс нэмэгджээ. 

НҮБ-ын Хүн амын сан болон НҮБ-ын Хүүхдийн сангаас өнгөрсөн оны 4 дүгээр сард гаргасан нөхцөл байдлын тайлангаас үзэхэд 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 2019 оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар өссөн болохыг тогтоожээ. Мөн 2020 оны эхний хагаст гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдын 26 хувь нь хүүхэд байна. Түүнчлэн 9 дүгээр сард гаргасан нөхцөл байдлын тайлангаас үзэхэд Хүүхдийн тусламжийн утсанд сэтгэл санааны хүчирхийлэл, үл хайхрах болон бие махбодын хүчирхийллийн дуудлага өссөн мэдээтэй байна.  

"COVID-19"-ийн цар тахал болон түүнээс урьдчилан сэргийлэх  хязгаарлалт тогтоосны  улмаас Монгол Улсын эдийн засаг, нийгэмд  урт хугацаанд хуримтлагдаж буй  дарамт нь  хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хууль зүйн туслалцаа,  нийгмийн үйлчилгээ үзүүлэгчдэд хүнд тусаж байна.  Тиймээс жендэрт суурилсан хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн өсөн нэмэгдэж буй асуудлыг яаралтай шийдвэрлэхийн тулд Монгол Улсын хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал байгаа аж. 

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) нь тогтвортой хөгжил болон хууль дээдлэх ёсыг бий болгохын төлөө дагнан ажилладаг Засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм.


Холбоотой мэдээ