Швед "Спутник V" вакциныг хэрэглэх боломжийг үгүйсгэхгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-02-04 11:14:18

СТОКХОЛЬМ. /TASS/. ОХУ-д бүтээсэн коронавирусний "Спутник V" вакциныг Швед улсад хэрэглэж магадгүй тухай "Aftonbladet" сонин тус улсын вакцинжуулалтын зохицуулагч Рикард Бергстрёмийн мэдэгдлээс иш татан мэдээлжээ.


"Бид энэ сэдвээр уулзалт хийсэн, одоо илүү нарийвчлан хэлэлцэнэ" гэж тэрбээр хэлсэн байна. ОХУ-ын вакциныг Европын Холбооны /ЕХ/ орнууд худалдаж авах асуудал хараахан эцэслэн шийдэгдээгүй байгаа боловч шинэ судалгааны мэдээллээс үзвэл уг вакцин нь 91 хувийн үр дүнтэй юм гэж “Aftonbladet” сонины нийтлэлд онцолжээ. Хэрэв "Спутник V"  нь ЕХ-нд явуулсан судалгаагаар сайн үр дүн үзүүлбэл Швед Оросын энэ вакциныг худалдаж авч магадгүй гэж тус сонинд бичжээ.


“Вакцины талаар бидэнд маш бага мэдээлэл байгаа бөгөөд Оросын вакцины талаарх судалгааны үр дүнг нарийвчлан үзэх хэрэгтэй” гэж Бергстрём хэлсэн байна.


“Спутник V” вакцин нь өндөр үр дүнтэй, аюулгүй болохыг баталсан эмнэлзүйн гурав дахь үе шатны туршилтын үр дүнгийн талаарх тайланг олон улсын анагаах ухааны “The Lancet” сэтгүүл хоёрдугаар сарын 2-нд нийтэлсэн юм.


Оросын вакциныг Беларусь, Аргентин, Боливи, Серби, Алжир, Палестин, Венесуэл, Парагвай, Туркменистан, Унгар болон Арабын Нэгдсэн Эмирт Улсад хэрэглэхийг зөвшөөрчээ. 



Холбоотой мэдээ