Сүхбаатарын талбайд өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн хэрэг гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2021-02-08 21:14:02

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөр дээрээ бензин асган шатааж, амиа егүүтгэсэн хэрэг өнөөдөр гарлаа. 


Тухайн үед ойр байсан цагдаагийн алба хаагч болон иргэд галыг унтраасан ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Дуудлагаар ирсэн түргэн тусламжийн эмчийн хэлснээр, өөрийгөө шатаасан иргэн 34 настай эрэгтэй хүн байсан бөгөөд тусламж үзүүлэхээр ирэхэд нь амьсгал хураасан байжээ.


ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү зарим хэвлэлээр ташаа мэдээлэл гарч буй тул мэдээлэл хийж буйгаа дурдаад, “Хэргийг шалгаж буй холбогдох хүмүүсээс тодруулахад, биеэс нь гарсан бичиг баримтаар Чингэлтэй дүүрэгт амьдардаг, 1987 онд төрсөн Э болох нь тогтоогдсон. Хувиараа СD, үнэртүүлэгч борлуулдаг байсныг урьдчилсан байдлаар илрүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа яг одоо явагдаж байна” гэсэн юм.


Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, Дотоодын цэргийн командлагч бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нартай өнөөдөр уулзаж, уг хэргийг яаралтай шалгаж, учир шалтгааныг нэн даруй олж тогтоохыг даалгасан байна.

Холбоотой мэдээ