Эрүүгийн хуулийн хэрэглээний сургалтад 240 гаруй шүүгч хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2021-02-10 13:45:41

Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Эрүүгийн хуулийн хэрэглээ-2021” цахим сургалт энэ сарын 8-9-нд болов. Сургалтыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Шүүхийн ерөнхий зөвлөл, Ханнс Зайделийн сангийн “Эрх зүйн боловсрол” академитай хамтран зохион байгуулжээ. 


Эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэн хэвшүүлэх, хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, эргэлзээтэй, тодорхой бус, тайлбар шаардсан эрх зүйн хэм хэмжээг нэг мөр хэрэглэх, тайлбарлах, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах дадал, чадвар олгох хандлагыг төлөвшүүлэх зорилготой уг сургалтад эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 240 гаруй шүүгчид оролцов.


Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид мөнгө угаах, авлига албан тушаалын, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргүүд, Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай,  Зөрчлийн тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиудын болон Монгол Улсын олон улсын гэрээний хэрэглээ сэдвүүдээр  оролцогчдод хичээл заажээ.

Сургалтын сэдвийн хүрээнд хууль хэрэглээний тулгамдсан асуудлын талаар Улсын Дээд шүүх зөвлөмж гаргах бөгөөд зөвлөмжийг Ханнс Зайделийн сангийн “Эрх зүйн боловсролын академи” санхүүжүүлэн, эрүүгийн шүүгч нарын гарын авлага болгон хүргэх юм.

Холбоотой мэдээ