Каталони мужийн салан тусгаарлах үзэлтнүүд парламентад олонхын суудал авч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-02-15 11:09:14

МАДРИД. /TASS/. Испанийн Каталонийн өөртөө засах мужийг тусгаар улс болгохыг дэмждэг намууд ням гарагт болсон бүс нутгийн парламентад олонхын суудлыг авч байна.


Сонгуулийн саналын хуудсын 98 хувийг боловсруулсны дараах байдлаар, “Каталонийн зүүний бүгд найрамдахчууд” нам 135 суудалтай парламентын 33 суудлыг авсан бол “Каталонийн төлөө хамтдаа” нам 32, "Үндэсний эв нэгдлийн нэр дэвшигчид" нам  есөн суудал авчээ.


“Каталонийн зүүний бүгд найрамдахчууд” намын дарга нь бүс нутгийн шадар сайд асан Ориол Жункерас бөгөөд 2017 онд тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулсныхаа төлөө 13 жилийн хорих ял авсан юм.


"Каталонийн төлөө хамтдаа" намын дэмжигч нь тус бүс нутгийн тэргүүн асан Карлес Пуждемонт бөгөөд тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал асуулгын дараа Испанийн шүүхээс зугтжээ.


Испаниас салан тусгаарлахыг дэмждэггүй Каталонийн Социалист нам парламентад 33 суудал авсан байна. Социалист намаас мужийн Засгийн газрын тэргүүний албан тушаалд өрсөлдөгч нь Испанийн Эрүүл мэндийн сайд асан Сальвадор Ильа юм. Тэрбээр тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш эрүүл мэндийн салбарыг удирдаж байсан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр сонгуульд оролцохоор албан тушаалаа орхижээ.


Хэт барууны үзэлтнүүдийн "Вокс" нам бүс нутгийн парламентад анх удаа суудал авчээ. Тус нас нам 11 мандат авсан бол зүүнтнүүдийн эвсэл болох “Эн кому подем” нам найм, төвч үзэлтнүүдийн “Иргэд” нам зургаа, консерватив "Ардын нам" гурван суудал авсан байна.


Улс төрийн хүчнүүдийн аль нь ч үнэмлэхүй олонхын суудал аваагүй учир сонгуулийн дараа намууд бүс нутгийн Засгийн газрыг бүрдүүлэх асуудлаар хэлэлцээ хийнэ.


Парламентын ээлжит бус сонгууль ням гарагт Каталонид болов. Ээлжит бус сонгууль явуулах шийдвэрийг 2018 оноос хойш тус мужийн Засгийн газрыг тэргүүлж байсан Ким Торра албан тушаалаасаа огцорсны дараа гаргажээ.


Холбоотой мэдээ