Хятадын хөлөг онгоцууд газар нутгийн маргаантай бүс рүү нэвтэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-02-16 10:46:38

ТОКИО. /NHK/. БНХАУ-ын эргүүлийн хөлөг онгоцууд хоёр өдөр дараалан Япон улс өөрийн газар нутаг гэж тооцдог Сенкаку /Дяоюйдао/ арлын маргаантай бүс рүү нэвтэрчээ. 


Японы эргийн хамгаалалтын албанаас мэдээлснээр, өчигдрөөс хойш Хятадын эргүүлийн хоёр хөлөг онгоц уг бүсэд байгаа бөгөөд өөр хоёр хөлөг онгоц өглөө эрт арлын бүсэд иржээ. Үүний зэрэгцээ хөлөг онгоцуудын нэг нь их буугаар зэвсэглэсэн байсныг тэмдэглэсэн байна.


Энэ бүсэд өглөө Японы загас агнуурын хөлөг онгоц загасчилж байсан бөгөөд Хятадын хөлөг онгоцууд тэдэнд ойртохыг оролджээ. Японы эргийн хамгаалалтын алба Сенкаку арал руу хөлөг онгоцуудаа илгээсэн бөгөөд чанга яригчаар Хятадын хөлөг онгоцны багийнханд Японы усан хилийн бүсээс гарахыг уриалсан байна.


Сүүлийн үед Сенкаку арлын орчимд Хятадын хөлөг онгоцуудын хөдөлгөөн идэвхжиж эхэлжээ. Энэ нь Хятадын эргийн хамгаалалтын албаныханд газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор гадаадын хөлөг онгоцууд руу гал нээх эрх олгосон хууль тус улсад хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсонтой холбоотой гэж Японы тал үзэж байна.   

Сенкаку арлыг тойрсон газар нутгийн маргаан 2012 онд Токио хувийн эзэмшигчдээс нь арлуудыг худалдан авснаа мэдэгдсэний дараа хурцдаж, БНХАУ-д Японыг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөсөн юм. Үүнээс хойш Хятадын хөлөг онгоцууд маргаантай арлуудын ойролцоо байнга үзэгдэж, сүр хүчээ харуулах зорилгоор эргийн бүс рүү үе үе нэвтрэх болжээ.

Холбоотой мэдээ