Аймгийн төв доторх зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2021-02-16 14:30:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэр, Засаг даргын 2021 оны А/119  дугаар захирамжаар "Ковид-19" цар тахлын эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сумын төв доторх тээврийн хэрэгсэл, явганаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Энэ сарын 11-ний өдрийн 08.00 цагаас эхэлсэн хязгаарлалт энэ сарын 23-ны өдрийн 08.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Түүнээс гадна сар шинийн баярын өдрүүдэд Баянхонгор сумын 10 багийн гудамж, хороолол, зам талбайд цагдаа, мэргэжлийн анги байгууллагуудын 940 алба хаагч 46 цэгт хяналт тавьж, хөдөлгөөнийг хязгаарлаж ажиллалаа. Мөн Баянхонгор сум тойрсон 14 хяналтын цэгт 51 алба хаагч, аймгийн хэмжээнд 84 хяналтын цэгт Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, Мэргэжлийн анги байгууллагуудын нийт 381 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэн, хяналт тавьж, иргэдэд зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Ташрамд дуулгахад, Сар шинийн өмнө Улаанбаатар хотоос Баянхонгор аймагт 1100 гаруй иргэн ирсэн бөгөөд гэрийн тусгаарлалтад эрүүл мэндийн байдлыг тандаж байгаа аж. Тухайн иргэдийг давтан PCR шинжилгээнд бүрэн хамруулж дуусгаснаар аймгийн төвийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг энэ өдрийн 14:00 цагаас нээхээр болжээ.