“Christie’s” ордон дижитал урлагийн бүтээлийг анх удаа үнэ хаялцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2021-02-17 12:01:34

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн график зураач Майк Винкелманы 5000 зургаас бүрдсэн дижитал зургийн эвлүүлгийг үнэ хаялцуулах гэж байгаа тухайгаа Нью-Йоркийн дуудлага худалдааны “Christie’s” ордон цахим хуудастаа мэдээлжээ.


Цахимаар явуулах дуудлага худалдаа хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 11-ний хооронд үргэлжлэх аж.


“Everydays-The First 5000 Days” хэмээх аварга том эвлүүлэг нь Өмнөд Каролинагийн график зураачийн арван гурван жилийн хөдөлмөрийн үр дүн ажээ. 2007 оны тавдугаар сард тэрбээр таван мянган өдөр дараалан өдөр бүр дижитал форматаар шинэ зураг бүтээхээр шийдэж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн байна. "Энэ бол уламжлалт дуудлага худалдаанд тавьсан анхны цэвэр дижитал уран бүтээл юм" гэж “Christie’s” ордон онцлоод, энэхүү бүтээл жинхэнэ эсэхийг блокчэйн технологиор баталгаажуулсан болохыг мэдэгджээ.


Энэхүү эвлүүлэг Майк Винкелманы уран бүтээлийн жинхэнэ хувьсал өөрчлөлтийг харуулсан гэж дуудлага худалдааны ордны шинжээчид үзэж байгаа аж. Тэрбээр энгийн зураг зурж эхэлсэн бөгөөд дараа нь 3 хэмжээст график, хийсвэр дүрслэл нэмж, өнгө, хэлбэр дүрс туршиж эхэлжээ. Тэрбээр хүүхэлдэйн киноны баатрууд, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, попын хаан Майкл Жексон гэх мэт олон дүрийг бүтээсэн байна.


“Christie’s” ордон Америкийн график зураачийн бүтээлийг “зөгнөлийн шинжтэй, зарим талаараа хөнгөн хийсвэр” гэж нэрлэжээ. Гэхдээ энэ дүгнэлт “Beeple” хэмээх нууц нэрээр ажилладаг Винкелманыг инстаграмд 1.8 сая дагагчтай болоход, “Louis Vuitton” загварын ордон, “Nike” компани, дуучин Кэти Перри, жүжигчин Дональд Гловер (Childish Gambino) нартай хамтран ажиллахад нь саад болж чадаагүй юм.


Эвлүүлгийн анхны үнийг ердөө 100 ам.доллараар тогтоосон байна. График зураачийн өөр 20 бүтээлийн цуглуулга 12 дугаар сард 3.5 сая ам.доллароор зарагдаж байжээ.

Холбоотой мэдээ