Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг улирал тутам дүгнэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-02-19 21:16:26
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг өмнө нь хагас жилээр тооцон дүгнэдэг байсан бол энэ оноос эхлэн гурван сар тутам дүгнэхээр болжээ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат албан байгууллагуудын удирдах ажилтнуудтай өргөтгөсөн хурал хийлээ.
Тэрбээр хурлын үеэр хэлэхдээ "Бид одоогоос зургаан сарын өмнө наймдугаар сарын 17-нд анхны удирдах ажилтны зөвлөгөөнийг хийсэн, түүнээс хойш орон нутгийн сонгууль болж, шат, шатны удирдлагууд томилогдсон. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ цаг үед ахин уулзаж байна. Ирэх долоо хоногоос Монгол Улсад "Ковид-19" цар тахлын вакцинжуулалт эхэлнэ. Тиймээс энэ удаагийн хуралд ач холбогдол өгч байгаа хэмээгээд, албан байгууллагуудын удирдлагуудтай хийх уулзалтын журам, томилолтын журмыг шинэчлэн баталсан, байгууллагын үйлчилгээний шинэ стандартын загвар баталж буйг дуулгалаа.

Үүнчлэн Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, аймгийн Засаг даргын үүрэг даалгаврын биелэлтийг тооцох, цаг үеийн тулгамдсан асуудлыг шуурхай хэлэлцэх зорилгоор сар бүрийн хоёр дахь долоо хоногт АЗДТГ-ын хэлтсүүд харьяа агентлаг, байгууллагуудтай уулзалт зохион байгуулан хэвшихээр болов. Мөн
сар бүрийн дөрөв дэх долоо хоногт нийт агентлаг, төрийн байгууллагуудыг оролцуулан өргөтгөсөн байдлаар уулзалт зохион байгуулахаар боллоо.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн Засаг даргын хөтөлбөрийг амьдрал дээр бодитой хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, төрийн байгууллагын чанар хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх, ард иргэдийг алагчилдаггүй төрийн үйлчилгээг, ёс зүйтэй төрийн албан хаагчийг төлөвшүүлэх ач холбогдолтой гэдгийг аймгийн Засаг дарга мэдэгдлээ.
Өнөөдрийн хуралд нийт 60 гаруй байгууллагын удирдлагууд, удирдах албан тушаалтнууд оролцсон бөгөөд цаг үеийн асуудлаар Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийсэн бол дээр дурдсанчлан Засаг даргын мөрийн хөтөлбөрийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэл хийлээ.
Хурлаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн E-Mongolia болон Erp.e-mongolia системийг төрийн бүх байгууллагад нэвтрүүлэх, байгууллагын үйлчилгээний стандартыг ирэх гуравдугаар сарын нэгнээс өмнө батлахыг үүрэг болгов.
Мөн орон нутагтаа Засаг даргын үйл ажиллагаанд туссан хямд үнэтэй орон сууцаар ард иргэдээ хангах зорилтын хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд болон төрөөс орон сууцжуулах, аймгийнхаа нийт ард иргэдийнхээ санал хүсэлтийг цахимаар авдаг болох зэрэг шинэ санаачилгуудыг дэвшүүлсэн үр дүнтэй хурал боллоо хэмээн аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн албаныхан тодотгов.
Холбоотой мэдээ