Аймгийн Засаг дарга 100 хоногийн ажлаа тайлагнав

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-02-19 18:28:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж аймаг удирдах албан үүргийг хүлээж авснаас хойш 100 хоног өнгөрч байна. Тэрээр энэ хугацаанд хийсэн ажлаасаа товчлон мэдээллээ.

 

Өнгөрөгч оны 11 дүгээр сарын 09-нд ажил авсан даруйдаа аймгийн хэлтэс, агентлагийн удирдлагуудтай хуваарь гарган уулзалт хийж, тулгамдсан асуудлаар санал солилцсон бөгөөд цаг үеийн олон ажил давхацсан учраас аймаг, орон нутгийн хэмжээнд төрийн ажлыг эрчимжүүлж, зарим тохиолдолд газар дээр нь шийдвэр гаргах шаардлагатай байсныг дурдав.

 

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, малчдын отор нүүдлийг зохицуулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлж, малчдадаа дэмжлэг тусламж үзүүлэх гээд олон асуудалд анхаарал хандуулсны зэрэгцээ дэлхий нийтийг хамарсан аюулт өвчлөлөөс ард иргэдээ хамгаалах, аймгаа эрүүл, халдваргүй бүс байлгах хүндхэн цаг үе тохиосныг онцоллоо.

 

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, олон нийтэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, хариу арга хэмжээг яаралтай авах зорилгоор аймгийн Онцгой комисс, Шуурхай штабыг  2020 оны 11 дүгээр сараас эхлэн 21 удаа хуралдуулж, тодорхой шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлжээ.

Мөн бэлэн байдлын нөөц бүрдүүлэх, алба хаагчдыг хамгаалах хувцас хэрэгслээр хангахад зориулж, аймгийн Засаг даргын захирамжаар 130 гаруй сая төгрөгийг зарцуулаад байна.

 

Засаг дарга А.Ишдорж 100 хоногийн ажлаа дүгнэхдээ “Төрийн албаны туршлагатай хамт олон, мэргэжлийн анги, байгууллагуудын хичээл зүтгэл, иргэн бүрийн хариуцлага, дэмжлэгийн үр дүнд зорьсон, төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлж байна” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ