2018 оноос Монголчууд агаарын таксигаар зорчино

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-06-09 18:30:13

“Монгол Австрийн бизнес уулзалт” хөтөлбөрийн хүрээнд  “Оюуны ундраа” групп Австрийн “Доппелмаэр” компанитай хамтран агаарын дүүжин замын системийг оруулж ирэх гэрээнд талууд өнөөдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд гарын үсэг зурав.

"Оюуны ундраа" компанийн захирал М.Амарсайхан, "Манай групп Австри улстай хоёр төрлийн төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцсэн. Эхнийх нь “Нарны хөдөлгөөнт эрчим хүчний эх үүсвэрийг үйлдвэрлэх”, хоёр дахь нь “Агаарын такси” төсөл юм.

“Агаарын такси”  төсөл нь Хотын төвийн түгжрээ ихтэй хэсэг  болох төв талбайгаас Зайсан хүртэлх замын түгжрээг багасгах зорилготой. 8 минутын дотор 3000 хүн тээвэрлэх боломжтой 50 агаарын такси оруулж ирсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Австри улсаас 30 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд цаашдаа Богд уул, Манзуширын хийд гэх мэт маршрутаар аялал жуулчлал хэлбэрээр өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна" гэлээ. 

Үнэ тариф тодорхой болоогүй байгаа ч аль болох хямд үнийг санал болгохыг хичээж байгаа, 16 жилийн дотор зардлаа нөхөх урьдчилсан тооцоо гарсан гэдгийг ч дуулгав.

 “Доппелмаэр” компаний менежир Валерий Яшин, "Манай компани агаарын дүүжин замын инженерчлэлээр чанар технологийн хувьд зах зээлд тэргүүлэгч компани бөгөөд үйлдвэрлэлийн техник хэрэгсэл, үйлчилгээгээрээ дэлхийн 35 оронд салбартай, 89 гаруй улс оронд 14600 агаарын дүүжин зам барьсан туршлагатай. Агаарын таксины хувьд зуун хувь тогоор ажилладаг. Тог тасарсан тохиолдолд дотоод генератороо ашиглах боломжтой" гэв. 

Энэхүү агаарын дүүжин таксиг Монголчууд 2018 оны Нэгдүгээр улирлаас эхлэн ашиглах боломж нээгдэх юм байна. 

 

Г. Уранчимэг

 

 

Холбоотой мэдээ