Энэтхэгийн Засгийн газраас бэлэглэсэн 150 мянган тун вакциныг хүлээн авлаа

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-02-22 09:50:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНЭУ-аас бэлэглэсэн 150 мянган тун буюу 75 мянган хүнийг вакцинжуулах Оксфордын АстраЗенека вакциныг тээвэрлэсэн МИАТ-ийн нисэх онгоц өнөөдөр өглөө Улаанбаатарт газардлаа.


Энэхүү “Serum Institute” үйлдвэрт үйлдвэрлэсэн тус вакциныг Энэтхэгийн Засгийн газраас Монголд Улсад бэлэглэсэн байна.


Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  М.П.Сингх вакциныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хүлээлгэн өглөө.


Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П Сингх энэ үеэр хэлсэн үгэндээ, “Энэтхэг Улс COVID-19-ийн эсрэг вакциныг бидний “оюун санааны хөрш”, “стратегийн түнш” Монгол Улсад өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна. Энэтхэг улс нь эхний ээлжинд 6.3 сая тун вакциныг 13 найрсаг түнш оронд бэлэглэж буй бөгөөд энэ нь бидний зүрх сэтгэлийн холбоо, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болохын зэрэгцээ “Act East” бодлогод Монгол Улсын чухал ач холбогдлыг харуулж байгаа юм” хэмээв. Мөн тэрбээр бэлэглэсэн тунгаас гадна тус улсаас вакцины нэмэлт хангамжийг арилжааны шугамаар худалдан авахад нь  Энэтхэг улс туслахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, Энэтхэгийн Ерөнхий сайдад Монгол Улсыг ковидын 150 мянган вакцинаар хангаж буй орнуудын жагсаалтын эхний эгнээнд оруулсанд талархал илэрхийлээд, өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа түүхэнд тэмдэглэгдэх болно гэдгийг дурдсан юм. Мөн Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэл өргөжиж хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх чиглэлээр олон салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг онцлов.


Маргаашнаас эхлэх вакцинжуулалтад эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгойгийн алба хаагчдыг хамруулах юм.




Холбоотой мэдээ