Аймгийн Засаг дарга Д.Бауыржан 100 хоногт хийсэн ажлаа тайлагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-22 12:47:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан тухайн албан тушаалд томилогдсоноос хойших 100 хоногт хийсэн ажлаа ард иргэдэд энэ сарын 20-ны өдөр  тайлагналаа.

"Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн 11 дүгээр сарын 9-ний өдөр намайг аймгийн Засаг даргаар томилсон. Тухайн өдөр манай улс коронавирусний халдварыг дотооддоо алдсан. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг энэ 100 хоногт үе шаттай зохион байгуулав. Энэ ажлын хүрээнд аймгийн Онцгой комиссыг 12 удаа, Засаг даргын зөвлөлийг 14 удаа хуралдуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан" гэж тэрээр хэлэв.

Аймгийн Засаг дарга өнгөрсөн 100 хоногийн хугацааг ирэх 4 жилд хийх ажлуудаа тодорхойлон төлөвлөх, аймгийн нийгэм, эдийн засгийн байдал болон бусад асуудалтай танилцахад зарцуулсан байна.

Тухайлбал, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж батлуулах, сумдын өвөлжилтийн бэлтгэл, улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрүүдийн хэрэгжилттэй танилцах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгосон төслүүдийн үр дүнг шалгах ажлуудыг хийжээ. Өлгий хотын шөнийн гэрэлтүүлгүүдийн хэвийн ажиллагааг хангах, Улаанбаатар хотод хөл хорионд орсон тус аймгийн 6 мянга гаруй иргэнийг татан авах, өвөлжилт, хаваржилтын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчдад 340 тонн өвсийг үнэгүй олгох, Засгийн газарт санал хүргүүлж Цагааннуур боомтоор малын тэжээл импортлох шийдвэр гаргуулах зэрэг асуудлыг зохион байгуулжээ.

Мөн 1800 гаруй иргэнтэй биечлэн уулзаж, 1300 өргөдөл, гомдол хүлээн авсан байна. 

Холбоотой мэдээ