Ховд аймгийн хүн амын 25 хувийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-23 11:24:31

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас иргэдийг коронавирусний эсрэг вакцинжуулалтад үе шаттай хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж буй.

Тэгвэл Ховд аймгийн тухайд эхний ээлжинд 22197 иргэн буюу нийт хүн амын 25 хувийг тус вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөжээ.  

Үүнд, төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 1262 албан хаагч, архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй 4763 иргэн, 50-аас дээш насны 10061 ахмад настан байна. Мөн орон гэргүй 16 иргэн, онцгой байдал, цагдаа, тагнуул, хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагын 1641 ажилтан, төр болон хувийн хэвшлийн боловсролын байгууллагын 3064 албан хаагч буй. Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий байгууллагын 1240 албан хаагч, асрамжийн газарт амьдарч байгаа 23 иргэн, 13 ажилтан, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч 114 иргэн хамрагдана гэх тооцоолол гарчээ.

Харин дараагийн удаад 18-аас дээш насны үлдсэн бүх иргэнийг дархлаажуулахаар төлөвлөж байна гэж Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Дархлаажуулалтын үйл ажиллагаа ирэх гуравдугаар сард багтаж эхлэх бөгөөд долоодугаар сар хүртэл явагдах аж.  

Холбоотой мэдээ