Цагааннуур боомтоор маргаашаас эхлэн малын тэжээл импортолно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-23 12:05:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуур боомтоор энэ сарын 24-ний өдрөөс эхлэн малын тэжээл оруулна гэж тус аймаг дахь Гаалийн газрын дарга С.Хавыл мэдээллээ.

"Засгийн газраас Цагааннуур боомтоор энэ сарын 23-ны өдрөөс малын тэжээл импортлохыг зөвшөөрсөн. Гэхдээ өнөөдөр ОХУ-ын "Бахархлын баяр"-ын өдөр тохиож байгаатай холбогдуулан боомт амарч байгаа. Маргаашаас хэвийн ажиллана. Аж ахуйн нэгжүүд цаанаасаа малын тэжээл оруулж ирвэл бид ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй нэвтрүүлнэ. Бүр шаардлагатай бол бүтээгдэхүүнийг гаалийн хяналтын бүсэд буулгаж хамгаалж өгнө" гэж тэрээр хэлэв.

Түүний өгсөн мэдээллээр урьдчилсан байдлаар 12 аж ахуйн нэгж 2270 тонн малын тэжээл оруулна гэж ОХУ-ын холбогдох газруудтай  байгуулсан гэрээгээ бүртгүүлээд байгаа аж.

Харин тэжээл тээвэрлэж ирсэн машиныг боомтоор ариутгал, халдваргүйжүүлэлт хийн оруулж, тухайн өдөртөө багтаан хилээр буцаан гаргах ажээ. 

Холбоотой мэдээ