Сэлэнгэ хмелийн талх үйлдвэрлэгч Д.Баатарт мөнгөн тусламж үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-23 14:53:25

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгийн “том талх” хэмээн олонд танигдаж, Сэлэнгэ брэндийн нэрийн хуудас болж байсан талхан цехийн үйл ажиллагаа бүрэн зогсоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Учир нь Сэлэнгийн том хмелийн талхны цехэд гал гарч юу ч үлдэлгүй шатсан харамсалтай явдал саяхан болсон юм.

Тус үйлдвэр шинэ оны босгон дээр техникийн шинэчлэл хийж, хоёр том шарагч шүүгээ авч үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн зэрэгцээ ажлын байраа нэмэгдүүлэн, бүтээгдэхүүнийхээ тоо ширхэгийг ч өсгөсөн амжилттай ажиллаж байсан аж. Гэтэл галын аюул нүүрлэж, 10 гаруй жилийн хөдөлмөрийнх нь үр галын аюулд өртжээ. Ингээд Сэлэнгийн нэрийн хуудас болсон, хүн ардынхаа өдөр тутмын хэрэгцээт хүнсний цехийн үйл ажиллагааг сэргээн босгох үүднээс хүн бүр чадах чинээгээрээ тусламж дэмжлэгийг үзүүлж, аянд нэгдээд байна.

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ хмелийн талх”-ыг үйлдвэрлэгч Д.Баатарыг хүлээн авч уулзлаа. Тэрээр түүнд халуун сэтгэлийн илэрхийлэл болгож 1.000.000 төгрөгийн мөнгөн тусламжийг сэтгэлийн дэм болгон хүлээлгэн өглөө. Олон жил Сэлэнгэ нутгийн нэрийн хуудас болж яваа хмелийн талхыг үйлдвэрлэж, нутаг орондоо төдийгүй Монгол Улсын хэмжээнд танигдсан хөдөлмөрч бүтээлч хүн бол Д.Баатар гэдгийг Сэлэнгийнхэн хүлээн зөвшөөрдөг. Сар гаруйн өмнө бизнес эрхлэгчийн маань талхан цех галын аюулд өртөж хэцүүхэн эрсдэлтэй нүүр тулаад байгааг иргэд харуусан хүлээж авсан байгаа. Иймээс аймаг орон нутгийн зүгээс төсөл хөтөлбөрийн газруудтай холбон ямар боломж байна тэр бүхэнд гүүр болж дэм болохоо аймгийн Засаг дарга энэ үеэр илэрхийллээ. 

Холбоотой мэдээ