Хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд хамгийн их өртөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-02-23 18:06:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн эрх, зөрчлийн асуудлаар 2020 онд нийт 58 дуудлага ирсний 42 нь хүүхдийн тусламжийн 108 утсанд ханджээ. Эдгээрийг хүчирхийллийн төрлөөр авч үзвэл үл хайхрах 19, сэтгэл санааны найм, бие махбодийн 17, бэлгийн 14 удаагийн хүчирхийлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл тус аймагт үл хайхрах хүчирхийлэлд хүүхдүүд илүү их өртөж байна.

Харин хүйсийн тухайд нийт хохирогч хүүхдийн дийлэнх нь охид байгаа юм.

Сүүлийн үед хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага нэмэгдэх төлөвтэй байгаа ч энэ нь нөгөө талаар илрүүлэг сайн байгаатай холбоотой. Хүүхэдтэй холбоогүй хувь хүн, албан газар гэж байхгүй учир цаашид хамтын ажиллагаагаа илүү сайжруулах нь чухал. Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах, хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг хүүхэд хамгааллын эрсдэлийн даатгалд даатгуулах, ААНБ-ын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийг байгуулах зэрэг ажлыг бүх шатанд амжилттай хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Учир нь хүүхэд хүчирхийлэлд өртөх, гэмт хэргийн хохирогч болох явдал нэмэгдсээр байна гэдгийг аймгийн ГБХЗХГ-ын дарга М.Туул хэллээ.

2021 он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн 64 дуудлага бүртгэгдсэн бол мөн онд 15 хүүхэд эрүүгийн хэргийн хохирогч болоод байгаа аж.  Харин аймгийн хэмжээнд 170 хүүхдийг хүүхэд хамгааллын эрсдэлийн даатгалд даатгуулжээ.

Энэхүү мэдээллийг аймгийн ГБХЗХГ-ын дарга М.Туул удирдах ажилтны зөвлөгөөний үеэр танилцуулсан юм. 

Холбоотой мэдээ