Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын баг хуралдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын баг Төрийн ордонд өнөөдөр хуралдсан тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.
Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож цаашид анхаарах асуудлын талаар байр сууриа илэрхийлэв. Ажлын баг ирэх сарын дундуур хэлэлцээтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна.
“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй дээрх ажлын багийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын нэр бүхий гишүүд, холбогдох сайд, албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.



