АНУ-ын цэргүүдийг Японд байлгах зардлыг хуваах нөхцөлийг сунгажээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-02-24 15:33:26

ТОКИО. /TASS/. Америкийн цэргийн баазуудыг Японд байрлуулах зардлыг хуваах нөхцөлийг дахин нэг жилээр сунгах тухай гэрээнд хоёр тал албан ёсоор гарын үсэг зуржээ.


Энэ талаар Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу лхагва гарагт тогтмол хийдэг хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.


“Энэхүү хэвлэлийн бага хурлын өмнөхөн би Япон дахь АНУ-ын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Жозеф Янгтай өмнө нь хүрсэн тохиролцоонд үндэслэн гэрээ байгууллаа" гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. Японы Гадаад хэргийн сайд мөн хоёр орны Засгийн газар Япон-Америкийн эвслийг бүх талаар бэхжүүлэх нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж цохон тэмдэглэв.


Хоёр орны Засгийн газар Америкийн цэргийн баазуудыг Японд байрлуулах зардлыг хуваах нөхцөлийг нэг жилээр сунгах тохиролцоонд өнгөрсөн долоо хоногт хүрчээ. Японы Батлан хамгаалахын сайд Киши Нобоугийн мэдээлж байснаар, "2021 оны санхүүгийн жилд Японы талаас  201 тэрбум 7 сая иен буюу 1 тэрбум 9 сая орчим ам.долларын зардал гаргана.


Тус улс 2020 оны санхүүгийн жилд /2021 оны гуравдугаар сарын 31-нд дуусна/ 199 тэрбум 3 сая иен буюу 1 тэрбум 8 гаруй сая ам.долларын зардал гаргажээ. Японы тал АНУ-ын цэргийн баазуудтай холбоотой нийтийн аж ахуйн үйлчилгээний бүхий л төлбөрийг төлж, япон ажилтнуудын цалинг тавьдаг байна.


Холбоотой мэдээ