"Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр" төсөлд энэ онд 500 сая төгрөг төсөвлөжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-02-25 16:27:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан "Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр" төсөл арга хэмжээг боловсруулах нэгдүгээр шатны хэлэлцүүлэгт 890 багш, удирдах ажилтан, эцэг эхийн төлөөлөл цахим болон танхимын хэлбэрээр оролцлоо.


Хэлэлцүүлэг хоёрдугаар сарын 22-ны өдөр Алтай хотноо болсон бөгөөд мөн үеэр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр”-т тусгагдсан зарим ажлуудыг танилцуулсан юм. 2021 онд энэхүү төсөл арга хэмжээнд 500 сая төгрөгийг төсөвлөжээ. Боловсролын чанарыг сайжруулахад идэвх санаачилгатай оролцон сурагчдынхаа сурлагын чанарт ахиц гаргасан багш нарыг урамшуулна гэдгийг онцлон хэлж байлаа. 

Тус аймгийн БСУГ нь сайн хичээлийн уралдаан, мэргэжлийн бүлгээр хамтран ажиллах, зөвлөх багш нарын уулзалт хэлэлцүүлэг, агуулгын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө, ЭЕШ-д бэлтгэх зэрэг ажлыг шат дараатай хийж байгаа тухай мөн үеэр танилцуулсан юм. Оролцогчид:

-Сургалтын сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх,

-ААН байгууллагуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол руу чиглэсэн хөрөнгө оруулалт хийлгэх,

-Багш нарыг компьютержуулах,

-Сургуулийн цахим орчныг сайжруулах, цахим сургалтын системийг нэвтрүүлэх шаардлагатай байна гэдгийг мөн үеэр хэлж байлаа.

Харин СӨБ-ын багш нар англи хэл, монгол бичиг, компьютерийн сургалтыг багш ажилчдадаа явуулж байна, цаашид орон нутгийн ТВ-ийн нэвтрүүлгийн цагтай болох саналыг гаргасан юм. Хэлэлцүүлгийн үеэр Цогт сумын оролцогчид Үндэсний бичигтэн сум болно гэдгээ илэрхийлэв.


Холбоотой мэдээ