УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хуралд оролцов

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-26 20:23:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн өвлийн ээлжит 20 дугаар хурал энэ сарын 24-26-ны өдөр цахимаар болж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцож байна.


Уг хуралд гишүүн орнуудын парламентын 270 гаруй гишүүн оролцож байна. Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин болон Ардчилал, хүний эрх, хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн гурван хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болсон бөгөөд, Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар оролцлоо. 


Ассамблейн ээлжит хурал анх удаа ийнхүү цахимаар болж, эдийн засаг, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг бий болгох, мөн КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, ардчилалд үзүүлэх нөлөө зэрэг сэдвээр гишүүн орны парламентчид яриа, хэлэлцүүлэг өрнүүлэв.


Австрийн Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч Вольфганг Соботка хамтарсан хуралдааныг нээж хэлэхдээ, өнөөгийн энэ нөхцөл байдлын үед парламентын тогтвортой ажиллагаа чухал болохыг онцлоод, олон талт үзэл баримтлал, парламент хоорондын дипломат бодлогод тууштай байж, илүү их амжилтад хүрэхийн тулд гишүүн орнуудын хамтын ажиллагаа ач холбогдолтой болохыг тэмдэглэв.



ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Роберто Монтеллагийн удирдсан ерөнхий хэлэлцүүлгийн үеэр хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шилжилт хөдөлгөөн, хүний эрхийн зөрчил зэрэг сэдвийг хөндөв.


Монгол Улсын Их Хурал ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн гишүүнээр 2012 онд элсэж, Парламентын Ассамблейн намрын ээлжит хурлыг 2015 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Ассамблей нь тус байгууллагын гишүүн 57 орны парламент хоорондын яриа хэлэлцээний гол механизм бөгөөд төв нь Дани Улсын нийслэл Копенгаген хотноо ажилладаг аж.

Холбоотой мэдээ