Сургууль, цэцэрлэгийн багшийг аймгийн Засаг даргын байгуулсан ажлын баг сонгон шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-01 13:36:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит ІІІ хуралдаанаар "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийг сонгон шалгаруулах журам"-ыг баталлаа.

Уг журмаар сургууль, цэцэрлэгт гарсан сул орон тоонд ажилд орох багш нарыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын баг сонгон шалгаруулахаар зохицуулав.

Сонгон шалгаруулалтад орсон хүмүүс тухайн албан тушаалд хамаарах ерөнхий мэдлэг, монгол хэл, бичгийн чадвар, мэдээлэл технологийн мэдлэгийн сорил өгнө. Үүнээс 60 хувиас дээш оноо авсан хүмүүс дараагийн шатны шалгалт буюу хичээл заах чадвар, ярилцлага, хандлага, ёс зүйн шалгалтад орно. Улмаар хамгийн өндөр оноо авсан хүнийг тус сул орон тоонд томилохоор журамлав. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд энэхүү журмыг баримтлахгүйгээр багш ажилд авахгүй.

Сонгон шалгаруулалтад орох багш нарын бүртгэлийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар хийх ажээ. 

Холбоотой мэдээ