“Алтан бөмбөрцөг”-ийн шилдгүүдийг тодрууллаа

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-01 13:25:03

НЬЮ-ЙОРК. /NBC/. Америкийн жүжигчин Чедвик Боузманд “Ma Rainey's Black Bottom” кинонд бүтээсэн дүрээр нь “Драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Алтан бөмбөрцөг”-ийн шагналыг нэхэн олгожээ.


“Алтан бөмбөрцөг” наадмын 2020 оны 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслол коронавирусний цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа юм. Ингээд “Алтан бөмбөрцөг”-ийн шилдгүүдийг танилцуулъя.


Америкийн жүжигчин Андра Дэй “The United States vs. Billie Holiday, 2021” кинонд бүтээсэн дүрээрээ гол шагнал болох “Драм киноны шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд шагнал хүртжээ.


Найруулагч Жейсон Уолинерийн "Борат-2" кино “Шилдэг инээдмийн кино эсвэл мюзикл” төрөлд шалгарсан байна. Энэ төрөлд мөн “Hamilton” мюзикл, “Palm Springs”,  “The Prom”, “Music” (2021) зэрэг бүтээл өрсөлдсөн байна. 


Найруулагч Питер Доктер, Кемп Пауэрсийн “Soul” хүүхэлдэйн кино “Шилдэг зурмал хөдөлгөөнт кино” төрөлд “Алтан бөмбөрцөг”-ийн шагналын эзэн болжээ.  Энэ төрөлд “The Croods: A New Age”, “Onward”, “Over the Moon”, “WolfWalkers” хүүхэлдэйн кинонууд өрсөлдөв.


“Шилдэг драмын цуврал” төрөлд “Lovecraft Country”, "The Mandalorian”, "Ozark”, “Ratched” цувралууд өрсөлдөж “The Crown” кино шалгарсан бол Солонгос гаралтай америкийн найруулагч Ли Айзек Чунын “Minari” хэмээх бүтээл “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд шагнал хүртжээ.


Хятадын найруулагч Хлоя Жао ажилгүй болсны улмаас Америк орноор хэрэн хэсүүчилж буй  бүсгүйн тухай өгүүлэх “Nomadland” бүтээлээрээ “Шилдэг найруулагч” болсон байна.


Их Британийн жүжигчин Эмма Коррин “Драм цувралын шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд шалгарсан бол “Драм цувралын шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Жүжигчин Жош О'Коннор тус бүр шагнал хүртжээ.

Холбоотой мэдээ