Энэтхэг улстай хамтран сүүний салбарын хөгжлийн төсөл хэрэгжүүлнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-03-01 14:22:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын хамтын ажиллагааны нэгдсэн уулзалт боллоо.


Уулзалтад БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх урилгаар оролцож Энэтхэг-Монголын хамтарсан сүүний салбарын хөгжлийн төслийг хэрэгжүүлэх, шим тэжээлтэй хоол хүнсэнд анхаарах, хөдөө аж ахуйн мэдээллийг цахимжуулж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар санал солилцоо. 


БНЭУ сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ олон улсад тэргүүлэгч, туршлагатай орон. Монгол орны хувьд шингэн сүүний асар их нөөц боломжтой ч хараахан бүрэн хэмжээнд ашиглахгүй байна. Тиймээс сүүний салбарын хөгжлийн төсөл хэрэгжүүлэх нь урт хугацаанд үр өгөөжөө өгөх ач холбогдолтойг талууд онцолж, хамтран ажиллахаар санал нэгдлээ. 


ХХААХҮЯ гол зорилгоо хүн амыг шим тэжээлтэй хоол хүнсээр ханган, нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд чиглүүлж буйг уулзалтын үеэр танилцууллаа.  Манай орны хувьд дотоодын шингэн сүүний нөөцөө ашиглан сургууль, цэцэрлэгт үдийн цай,  өдрийн хоол хөтөлбөрийн хүрээнд бага ангийн сурагчдын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэх, зөв дадалтай болгох, эрүүл мэндийг дэмжих, суралцах чадварыг нь дээшлүүлэх боломжийг харгалзан, “Өдөр бүр сүү” төсөл хэрэгжүүлэх саналаа уулзалтын үеэр мөн танилцуулав.

Холбоотой мэдээ