Монголын үндэсний олимпын хорооны гишүүдийн цахим хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-02 12:58:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны бүх гишүүдийн хурлыг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр цахимаар зохион байгуулна.


Өнгөрсөн сарын 26-нд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал болж, бүх гишүүдийн ээлжит хурлыг зохион байгуулах товыг тогтжээ. Энэ хурлаар 2020 оны үйл ажиллагааны тайлан болон 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг батлах юм.


Ташрамд сонирхуулахад, МҮОХ-ны бүх гишүүдийн хурлыг өнгөрсөн оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо ээлжит бусаар зохион байгуулсан. Хурлаар Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган МҮОХ-ны 2019-2020 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2020 оны төлөвлөгөө болон санхүүгийн төсвийг хэлэлцүүлж, батлуулсан. Мөн олонхын саналаар Олимпын харти болон МҮОХ-ны дүрэмд заасан шаардлагуудыг хангасан Монголын скуаш теннисний холбоо, Монголын кёрлингийн холбоог гишүүнээр элсүүлж, МҮОХ нийт 77 гишүүн спорт холбоотой болж байсан юм.


Түүнчлэн МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль болж, Хөдөлмөрийн баатар, “Бээжин-2008” олимпын аварга Н.Түвшинбаяр тус сонгуульд нэрээ дэвшүүлэн, нийт гишүүдийн 96,4 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.  

Холбоотой мэдээ