Хятад улс 800 сая иргэнээ ядуурлаас хэрхэн ангижруулав?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-02 12:48:17

МОСКВА. /TASS/. Манай улс үгээгүй ядууралтай хийсэн тэмцэлд түүхэн ялалт байгууллаа хэмээн БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт мэдэгдсэн юм. Ши Жиньпиний онцлон тэмдэглэснээр, хөдөө тосгоны 98.9 сая оршин суугч, 832 хошуу, 128 мянган тосгоныг ядуурлаас ангижруулжээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Хятад улс ядууралтай тэмцэхэд 1.6 их наяд орчим юань /246 тэрбум орчим ам.доллар/ зарцуулжээ.


БНХАУ-ын Засгийн газрын гаргасан амжилттай маргах зүйл үгүй. Дэлхийн банкны мэдээлснээр, Хятад улс сүүлийн 40 жилийн хугацаанд 850 сая гаруй хүнийг ядуурлаас ангижруулжээ. Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгдэхдээ, 1978 оноос хойш буюу улс оронд шинэчлэл, нээлттэй байдлын бодлого хэрэгжиж эхэлснээс хойш 770 сая оршин суугч ядуурлаас ангижирсан гэжээ. Гэвч ядуурал төдийгүй түүний үнэлэх шалгуур нь харьцангуй ойлголт юм. Энэ бүхэн яаж эхэлж, түүнийг үнэлэх үнэлэмж хэрхэн өөрчлөгдөв?


40 жилийн хөдөлмөр

Хятадын Засгийн газар ядууралтай тэмцсээр хэдэн арван жилийг ардаа орхижээ. “Сяокан” буюу чинээлэг дундаж давхарга бүхий нийгмийг цогцлоох санааг дэвшүүлэх талаар анх 1979 онд Хятадын шинэчлэлийн архитектор Дэн Сяопин мэдэгджээ. Чинээлэг дундаж нийгмийг бий болгох нь Хятад улсын шинэчлэлийн туйлын зорилго болсон юм.


2002 онд болсон Хятадын Коммунист намын XVI их хурлын үеэр чинээлэг дундаж давхарга бүхий нийгмийг 2020 он гэхэд бий болгосон байх зорилтыг тавьжээ. Мөн онд Жөзян мужийн намын хорооны нарийн бичгийн даргын албан тушаалыг эрхэлж байсан Ши Жиньпин дөнгөж Хятадын Коммунист намын Төв хорооны гишүүн болоод байжээ.


Тухайн үедээ тэрбээр яг 18 жилийн дараа дөрвөн үеийн удирдлагын олон жилийн ажлыг үнэлж дүгнэн, ялалтаа ард түмнийхээ өмнө харуулна гэж бодож байсан болов уу?


БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2012-2013 онуудад засгийн эрхэнд гарсныхаа дараа өмнөх үеийнхээ чиг шугамыг үргэлжлүүлж, ядууралтай өрнүүлэх тэмцлийг үндэсний эн тэргүүний бодлогуудын нэг хэмээн зарласан юм. 2012 оноос хойш Ши Жиньпин хамгийн ядуу буурай тосгонуудаар явж, 50 гаруй айлчлал хийжээ.


Юун түрүүнд Засгийн газар ядууст зүгээр ч нэг мөнгө тараагаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ядуурлаас ангижрах хөтөлбөрүүд нь олон талтай. Тухайлбал, тээврийн хэрэгслийн хүртээмж, оршин суугчдын амьжиргааны түвшинг дээшлүүлэхийн тулд алслагдсан дүүргүүдэд орчин үеийн зам, цахилгааны шугам татах шаардлагатай. Түүнчлэн олон сая хүнийг нүүлгэн шилжүүлэх, татаас олгох, хөдөө орон нутагт ажлын байр бий болгохын тулд бизнесийг татан оролцуулах хэрэгтэй байсан юм.  Мөн орчин үеийн аж ахуй эрхлэх фермерүүд, худалдаа эрхлэх хүмүүст зориулсан тусгай бэлтгэл, сургалтын асуудал хөндөгдөнө.


Үүнээс гадна эрх баригчид удам дамжсан ядуурлыг үндсээр нь устгах хэд хэдэн арга хэмжээ авчээ. Тодруулбал, бага орлоготой дүүргүүдэд хүүхэд, залуучуудыг үнэ төлбөргүй боловсрол эзэмшүүлэх сургууль, техникум, бусад сургалтын төвүүдийг барьж байгуулжээ.


Ядуурлын босго

Гэсэн ч зарим нэр томьёог тодорхойлох шаардлагатай. 2010 онд Хятадын Засгийн газар ядуурлын босгыг жилийн орлогын хувиар 2300 юанийн түвшинд тогтоожээ. Үүнээс хойш ядуурлын босгын түвшинг удаа дараа дээшлүүлснээр одоогоор хөдөө орон нутгийн оршин суугчдын энэ үзүүлэлт жилд 4000 юаньд хүрчээ. Энэ тоо орчин үеийн Хятадын бодит байдалтай нийцэх хэдий ч маргаантай асуудал юм.


Олон улсын ядуурлын босгыг өдөрт 1.9 ам.долларын орлогоор тооцохыг Дэлхийн банк зөвлөжээ. Хятадын жилийн 4000 юанийн үзүүлэлтээс харахад ядуурлын босгыг үүнээс доогуур буюу өдөрт 1.7 ам.долларын хэмжээнд тогтоожээ.


Дэлхийн Банк дэлхийн эдийн засгийг нэг хүнд ногдох үндэсний нийт орлого (ҮНО)-оор хэд хэдэн түвшинд хуваадаг байна. Тодруулбал, бага орлоготой эдийн засаг (нэг хүнд жилд дунджаар 1036 ам.доллараас бага), бага дунд орлоготой эдийн засаг (жилд 1036-4045 ам.доллар), өндөр дунд орлоготой эдийн засагтай орнууд (жилд 4046 -12.535 ам.доллар), өндөр орлоготой эдийн засаг (жилд 12.535 ам.доллараас илүү) гэж ангилжээ. Дэлхийн банк энэ ангилалд тулгуурлан улс орнуудын бүлэг бүрт зориулж өөрсдийн санал болгосон ядуурлын босгыг тогтоодог. ДЭМБ-ын гаргасан хувилбараар, Хятад улс өндөр дунд орлоготой эдийн засагтай орнуудад багтаж байгаа тул ядуурлын босго нь өдөрт 1.7 ам.доллар бус 5.5 ам.доллар байх ёстой юм.


Өөрөөр хэлбэл, Хятад улсын ядуурлын шалгуур нь хэдийнээ хоцрогдсон гэсэн үг юм. Руанда, Эритрей улсын жишигтэй харьцуулж ядуурлыг ялсан тухай сэдвийг хөндвөл үнэнээс тийм ч хол биш хэдий ч дэлхийн эдийн засгийн хоёрдогч том гүрний хувьд тун тааруу үзүүлэлт юм. Гэсэн ч БНХАУ-ын эрх баригчид ийм дүр зургаар харахыг хүсээгүй бололтой.


Хүчин чармайлтаа зогсооход эрт байна

Юун түрүүнд төсвийн хуваарилалт хийх, улсын зардлаар зам тавих, сургууль, эмнэлэг, боловсролын төвүүдийг барьж байгуулах шаардлагатай байгаа газруудыг ядуу буурай тосгонуудын тоонд оруулжээ. Зохих хөтөлбөрт багтсан оршин суугчидын хувьд мөн хэд хэдэн асуудал нь шийдэгджээ. Тухайлбал, тэд хоол хүнсний тусламж авах, давтан сургалтад хамрагдах, ажилд орох, хүүхдүүдээ сургууль, техникумд үнэ төлбөргүй сургах, шинэ орон сууцанд нүүж орох боломж бүрджээ.


Хэрэв ядуурлыг өнгөн талдаа ялсан бол цаашид юу тохиолдох бол?  

Ядуурлаас ангижрах хөтөлбөр буруу зүгт хазайвал Хятадын олон оршин суугч буцаад ядууралд өртөхвий хэмээн шинжээчид болгоомжилж байна.


Ядуурлын босгыг өөдрөг талаас нь харсан ч өв тэгш зүйл гэж үгүй. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян 2020 оны 5 дугаар сард 1.4 тэрбум хүнд орлогыг хуваарилах талаар ихийг өгүүлэх тоо баримтыг дурдсан. Хятадын 600 сая орчим оршин суугч сард 1090 юанийн буюу 169 ам.долларын орлогоор амьдарч байна гэж тэрбээр хэлсэн байна. Тиймээс жинхэнэ утгаараа өргөн хүрээг хамарсан дундаж давхаргыг бий болгох хүртэл үгээгүй ядуурлыг ялсан гэж үзэхэд эртдэх бөгөөд илүү хүнд замыг туулах шаардлагатай болох юм.

Холбоотой мэдээ