Халхайтын дэнжийн цогцолбор бүхий газрын нөхцөл байдалтай танилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-03-03 11:24:23

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн музейн хамт олон Тариалан сумын соёлын төвтэй хамтран улсын хамгаалалтад орсон Халхайтын дэнжийн цогцолбор бүхий газрын өнөөгийн байдалтай өнгөрсөн сарын сүүлчээр очиж танилцсан байна.

Халхайтын дэнжийн цогцолбор газар нь Түрэгийн үе буюу VI-VIII зууны үед холбогдох хүн хөшөө, хиргисүүр, тахил тайлгын байгууламж бүхий томоохон дурсгал юм байна. Энэхүү цогцолбор дурсгал нь айлын зуслангийн хажууд байрлах бөгөөд мал амьтан шөргөөсний улмаас нэг хүн хөшөө хугарч унасан байдалтай байжээ.

“Эртний дурсгал бүхий газруудад хашаа хайс барьж хамгаалах, хугарч унасан хөшөөг сэргээн засварлах талаар удирдах дээд байгууллагад уламжилна. Цаашид шат шатны холбогдох албаны хүмүүс энэ тал дээр анхаарч, хяналт тавьж ажиллах шаардлагатай байна” хэмээн аймгийн Музейн дарга Ш.Цэдэнбал хэллээ.

Холбоотой мэдээ