Бөөрөг дэлийн элс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-03-04 14:44:27

Увс /МОНЦАМЭ/. Зүүнговь сумын нутагт байрлах Бөөрөг дэлийн элс нь дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд зах руу түрж орсон элс гэдгээрээ онцлогтой.

Мөн Монгол Улсын хамгийн их талбай эзэлдэг элс юм. Нийтдээ дөрвөн мянган хавтгай дөрвөлжин километр талбай эзэлдэг ба 180 километр урт, хамгийн өргөн хэсэгтээ 50 орчим километр өргөн үргэлжилдэг.

Бөөрөг дэлийн элсийг Их монгол элснээс Ханхөхий нуруу тусгаарлаж дунд нь оршдог онцлогтой. Элсний өндөр нь 70-80 метр байдаг бөгөөд далайн түвшнээс дээш 1000 метрт оршино. Бөөрөг дэлийн элсний орчинд өвөлдөө харьцангуй дулаан учраас олон айл, олон мянган мал өвөлждөг. Харин элсний урд үзүүр Зүүнговь сумын нутаг өвөлдөө маш хүйтэн болдог.

Бөөрөг дэлийн элсний зүүн жигүүрт Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт Дөрөө нуур байдаг. Энэхүү нуур нь Монгол, Орос улсын хилийн заагт оршдог бөгөөд 20 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Тус нуурыг түшиглэн загасчлах, мөн хил дамнасан аяллыг хөгжүүлэх боломжтой.

Мөн Бөөрөг дэлийн элсний хойд хэсэгт цэнгэг уст Баян нуур оршдог. Энэхүү нуурын урт нь 11.5 километр, өргөн нь 3.9 километр, талбай нь 27.8 хавтгай дөрвөлжин километр байна.  Баян нуурын усан хоолойд усан спорт хөгжүүлэх боломжтой аж.

Холбоотой мэдээ