"Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндорж гэр бүлийн хамт суулт хийж байна

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2021-03-03 22:43:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ноёд группийн ерөнхий захирал Г.Буяндорж, түүний гэргий Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа нар Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт хийж байна.


Г.Буяндорж, “Монголын төр иргэдээ хамгаалах үүргээ биелүүлэхгүй байна. Буруутай ч юм шиг, буруугүй ч юм шиг 10 жил хэлмэгдэж байна. Монголын төр ард иргэдээсээ хэзээ уучлал гуйдаг болох юм, бид хэдэн жил хүлээх вэ. Нотлогдохгүй бол цагаатгах ёстой шүү дээ. Би өнөөдөр биеэ бэлдэж байна. Маргааш эмчид үзүүлээд, өлсгөлөн зарлана. Прокурорын байгууллагын хууль бус үйлдлийн гинжин хэлхээг таслахгүйгээр миний хөлд байгаа дөнгө тасрахгүй юм байна. Тийм учраас намайг 10 жил эрүүдэн шүүсэн хууль бусын хонгил үүсгэсэн прокуроруудтай тэмцэж байна” гээд дараах 3 шаардлагыг тавьж буйгаа хэллээ.

1. 2011-2021 оны хооронд 10 жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 7-8 прокурорт ёс зүйн хариуцлага хүлээлгэх

2. Хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэрэг дээр ажлын баг гаргаж, шалгах

3. Миний компанийг залилсан этгээдүүдийн хэргийг шүүхэд шилжүүлэхийг шаардаж байна. 


Харин түүний гэргий МУГЖ Т.Ариунаа хэлэхдээ, “Энэ бол дуучин Т.Ариунаагийн асуудал биш, Монголын нэг гэр бүлийн асуудал яригдаж байна. Өнөөдөр энэ асуудлыг ярихад бид хоёртой адил цөхөрсөн олон хүн ирж уулзсан. Тиймээс энэ бол нийгмийн асар том эмгэнэл болжээ гэж үзэж байна. Өөрсдийн бизнесийг дээрэмдүүлсэн маш олон энгийн иргэн байдаг юм байна” гэлээ.


Өнөөдөр суулт зарлахынхаа өмнө Г.Буяндорж мэдээлэл хийхдээ, "Надад 2011 оноос хойш БНХАУ-ын иргэн Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарч явсан. Энэ хугацаанд миний бие, давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурлаар шүүгдэн 409 хоног цагдан хоригдож, 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгөө алдсан. Эцэст нь Улсын дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн. Үүний дагуу 2020 оны дөрөвдүгээр сард нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Товчхондоо хэрэг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж Дээд шүүх үзсэн. Тиймээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан тавьж буй дээрх гурван шаардлагыг биелүүлтэл манай гэр бүл суулт зарлана, миний бие өлсгөлөн зарлана" гэж хэлсэн юм.

Б.Мандуул

Холбоотой мэдээ