МЕРИТ төслийн захирал Дундговьд ажиллалаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-03-04 13:10:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. МЕРИТ төслийн захирал Женнифер Адамс, төслийн дэд захирал Р.Алтангэрэл нар Дундговь аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзан төслийн үр дүнг тодорхойлж, ирэх онд хэрхэн хамтран ажиллахаа хэлэлцжээ.

"Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь" буюу МЕРИТ төсөл нь Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж байгаа бөгөөд эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд чиглэсэн байгалийн нөөц баялгийн зохистой ашиглалтыг дэмжих замаар орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах зорилготой юм.

Уулзалтын хүрээнд ярилцсан асуудлуудын талаар төслийн ажилтан Ө.Удвалаас тодрууллаа.  

Ө.Удвал: Уулзалтын үеэр 2020 оны төслийн үйл ажиллагаа, үр дүнг танилцуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан. Манай төслийн хувьд өнгөрсөн онд их олон үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн.

Тухайлбал, аймгийн ЗДТГ-тай хамтран, чадавхжуулж ажилласны үр дүнд ЗДТГ Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болсон.

Бодлогын баримт бичиг, төлөвлөлтөд үр дүнд суурилсан аргачлалыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж, энэхүү аргачлалаар аймгийн Нийгэм, эдийн засгийг 2018-2028 онд хөгжүүлэх хөтөлбөр, Дундговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахад хамтран ажилласан.

Төрийн байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах чиглэлээр БОАЖГ-тай хамтран “Дроны зураглал ба боловсруулалт” онол практик хосолсон сургалт, “Хариуцлагатай уул уурхай ба эрх зүйн орчин” сургалт, хүний нөөцийн ажилтнуудыг хамруулан олон сургалтыг зохион байгуулж, төрийн байгууллагын хүний нөөцийн суурь судалгааг хийсэн.

Мөн төслийн үр дүнд манай аймагт “Хүний нөөцийн клуб” байгуулж, энэ клубийн үйл ажиллагааг дэмжин ажиллалаа. Дөрвөн аймгийн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн уулзалтыг Дундговьд хийсэн гэх мэт олон ажлыг үр дүнтэй хэрэгжүүлжээ.

Аймгийн удирдлагуудын зүгээс 2021 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан учраас энэ жил жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах чиглэлээр хамтарч ажиллах, хариуцлагатай уул уурхайг бэхжүүлэх хүрээнд уул уурхайн хурал, зөвлөгөөнийг хамтран зохион байгуулах талаар хүсэлт гаргасан.

Ер нь төсөл маань аймаг орон нутгийн хөгжил, үр дүнд суурилсан бодлого төлөвлөлт, хүний нөөцийн ур чадварт суурилсан тогтолцоо, манлайлал, байгаль орчны тогтвортой байдал, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, мэдлэгийн портал гэсэн долоон үндсэн чиглэлд хэрэгждэг. Тэгэхээр энэ чиглэлийн хүрээнд аймаг орон нутагтай хамтарч ажиллах бүрэн боломжтой юм. 

Холбоотой мэдээ