Баруун гурван аймгийг эрчим хүчээр хангах цахилгаан станцын шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
batkhuu@montsame.mn
2016-06-10 22:58:24

Увс аймагт 60 мВт-ын цахилгаан станц барих шийдвэр гарч, өнөөдөр барилгын ажлын шаваа тавилаа. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай энэ станц 2019 онд бүрэн ашиглалтад орж, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах юм.

Увс аймаг нүүрсний арвин их нөөцтэй бөгөөд Бөхмөрөн сумын нутаг дахь Хотгор шанагын нүүрсний уурхайг түшиглэн энэхүү 60 мВт-ын цахилгаан станцыг байгуулж байна. Цахилгаан станцын барилгын ажил эхэлснээр 500 орчим ажлын байр бий болох ба уг станц ажиллаж эхэлснээр мөн 500 орчим ажлын байр бий болох юм. Үүнээс гадна хоол, хувцас, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг жижиг дунд үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бүрдэнэ.

Түүнчлэн цахилгаан станцыг түшиглэн ноос, ноолуурын гэх мэт олон үйлдвэрүүд Адарганы хөндийд бий болох боломжтой.

Баруун гурван аймаг эрчим хүчний жилийн хэрэглээнийхээ 80 гаруй хувийг ОХУ-аас, 5 орчим хувийг Хятадаас, үлдсэн хувийг нь Дөргөний усан цахилгаан станцаас авдаг. Уг станц ашиглалтад орсноор Увс аймаг эрчим хүч импортлогч биш экспортлогч аймаг болох юм.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ