Л.Оюун-Эрдэнэ: Жендэрийн үндэсний хороо шинэ арга барил, бодлогоор ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-05 14:43:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жендэрийн үндэсний хороо өнөөдөр хуралдаж “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ”-ний тайланг сонсож, тус хорооны 2021 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн  батлав.



Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хурлыг даргалан явуулсан бөгөөд тавдугаар сард хороог дахин хуралдуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэхээс гадна хорооны гишүүдийн саналыг тусган 2021 оны ажлын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахаар тогтов.


Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хурлын үеэр онцолсон. Тэрбээр, "Хөгжингүй орнуудын жишгээс үзэхэд удирдах, манлайллын түвшинд эмэгтэйчүүд оролцсоноороо авлигын индекс, ажилгүйдэл, хүчирхийлэл, гэмт хэрэг багасаж байна. Иймд томоохон төслийн ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аль ч салбарт хүйсийн тэгш оролцоо, тэнцвэрийг хангахад бодлогоо чиглүүлж ажиллая. Боловсролын тэгш бус байдлыг бууруулах хүрээнд эрэгтэйчүүдийнхээ боловсролд дунд сургуулиас нь анхаарч, эрүүл, идэвхтэй иргэн болгохын тулд дэмжих зайлшгүй шаардлага үүссэнийг орон даяар хийсэн статистик судалгаа мэдээлэл харуулж байна. Тиймээс Жендэрийн Үндэсний хорооны ажлаа уламжлалт тогтсон хэлбэрээс илүү шинэ арга барилаар, шинэ зорилт, бодлого явуулахад чиглүүлнэ" хэмээлээ. 



Ерөнхий сайд хуралдааныг хааж хэлэхдээ, 2021 онд дараах гурван асуудлыг барьж авч хэрэгжүүлье гэдгээ илэрхийлсэн. 


Нэгдүгээрт, Монгол Улсад мөрдөн байцаалтын шатанд эмэгтэй хүн хэзээ ч дахин эрүүдэн шүүлтэд оруулахгүй байх,


Хоёрдугаарт, ажлын байрны бэлгийн дарамтыг бүрэн устгая. Үүнийг Төрийн байгууллагуудаасаа эхлэх,


Гуравдугаарт, Авилгын индексийг бууруулж 111 дүгээрт бичигдэж буй жагсаалтаас хоёр оронтой тоо руу шилжихэд эмэгтэйчүүдийнхээ оролцоог хангаж, авилгын эсрэг Монголын эмэгтэйчүүд нэгдэж буйг зарлая гэсэн уриалгыг гаргав.


Холбоотой мэдээ