Зэвсэгт хүчний "Хатан ижий" нарт хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-03-05 16:24:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан өнөөдөр “Хатан ижий” ёслолыг 6 дахь жилдээ боллоо. 


Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга /ЦДБЭЧ/, “Хатан ижий” төрийн бус байгууллагууд хамтран халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулав.


Өргөмжлөгдсөн эхчүүд Монголын зэвсэгт хүчинд олон жил зүтгэсэн бөгөөд нөхөр болон 3-10 хүртэлх үр хүүхэд нь цэргийн албанд үүрэг гүйцэтгэдэг байна.


Энэ жил Батлан хамгаалах яамны /БХЯ/ харьяа байгууллагууд болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас 57 ээжийн тодорхойлолт, танилцуулга ирснээс есөн ээжийг шалгаруулж, өргөмжлөл, хүндэт тэмдэг, дурсгалын зүйлс гардуулжээ. 


Зэвсэгт хүчний “Хатан ижий” нараас, хамгийн олон буюу 14 хүүхэд төрүүлж өсгөсөн нь Ө.Марууш, хамгийн ахмад нь 96 настай Р.Рэнчинцоо нар аж. Ө.Марууш гуайн 13 хүүхэд нь цэргийн байгууллагад алба хаадаг аж.



Б.Мандуул

Холбоотой мэдээ