“Turquoise Hill Resources” компанийн гүйцэтгэх захирал огцорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-03-05 20:50:43

ВАНКУВЕР. /Reuters/. Канадын “Turquoise Hill Resources” компанийн гүйцэтгэх захирал Ульф Куэльман албан тушаалаасаа огцорсон талаар тус компани пүрэв гарагт мэдээлэв.


Turquoise Hill”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох “Rio Tinto” групп ирэх тавдугаар сард болох удирдах зөвлөлийн хурлаар У.Куэльманыг улиран сонгогдохын эсрэг санал өгнө гэж мэдэгдсэний дараа дээрх мэдээлэл гарчээ.


Turquoise Hill”, “Rio Tinto” Монголын Оюу толгой зэс, алтны уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар санал зөрөлдөөнтэй байгаа үед У.Куэльман ийнхүү гуравдугаар сарын 3-ны өдрөөс албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна.  


Rio Tinto” группийн хувьд далд уурхайн бүтээн байгуулалтын талаар Оюу толгойн 34 хувийг эзэмшдэг Монголын талтай шинээр хэлэлцээ хийхээр болоод байгаа юм. “Turquoise Hill” нь Оюу толгойн 66 хувийг эзэмшдэг бол “Rio Tinto” тус компанийн 51 хувийг эзэмшдэг билээ.


Rio Tinto” уг уурхайн бүтээн байгуулалтыг урагшлуулахад шинэ удирдлага “шаардлагатай” гэж үзсэн гэж “Turquoise Hill” пүрэв гарагт мэдэгджээ. Мөн “Rio Tinto” ирэх тавдугаар сард болох хувьцаа эзэмшигчдийн жил тутмын уулзалтын үеэр У.Куэльманыг улиран сонгогдохын эсрэг санал өгнө гэдгээ мэдэгдсэнийг “Turquoise Hill” уламжилжээ.


Монгол Улс уурхайн бүтээн байгуулалтын зардал 2016 оны тооцооноос 1.4 тэрбум орчим ам.доллароор нэмэгдэж, 6.75 тэрбум ам.долларт хүрэх тооцоолол гарсны дараа татварын орлого гэх мэт үр өгөөжөө нэмэгдүүлэхийг эрмэлзэх болсон юм.


Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, Улаанбаатарын засаг захиргаа У.Куэльман албан тушаалаа гэнэт хүлээлгэн өгсөн нь хэлэлцээ тасралтгүй үргэлжлэхэд саад учруулна гэж үзэж байгаа тул сэтгэл дундуур байгаа ажээ. “У.Куэльманыг үүргээ сайн гүйцэтгэж байсан хэмээн бид үзэж байна” гэж эх сурвалж мэдээлсэн байна.


“У.Куэльманы албан тушаалыг санхүү хариуцсан захирал асан Стив Тибо түр хашина. С.Тибо нь 2015 онд уурхайн санхүүжилтийн гэрээний хэлэлцээг ахлан явуулж байсан боловч 2017 оноос хойш хоёр компанийн аль алинд харьяалагдаагүй юм” гэж “Turquoise Hill” мэдээлжээ.


“Бид “Turquoise Hill” болон Засгийн газартай хамтран ажиллах үүрэг хүлээсэн. Монгол Улсын Засгийн газрын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлд хамтын хүчин чармайлтаа уялдуулан зохицуулах нь эн тэргүүний зорилт юм" гэж “Rio Tinto” мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ