Зуунмод хотод халдварын дөрвөн тохиолдол илэрч, орох гарах хөдөлгөөнийг хаалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд өнөөдөр коронавируст халдварын дөрвөн тохиолдол батлагдаж тус сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан талаар Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа TBS телевизэд өгсөн тодруулгадаа мэдээллээ.
Тодруулбал, Төв аймгийн Зуунмод суманд хоёрдугаар сарын 26-ны өдөр иргэн “З” буяны ажил явдалд оролцохоор PCR шинжилгээ өгөлгүй "хулгайн" буюу стандартын бус замаар ирээд буцсан байна. Улаанбаатар хотод эргэн очихдоо шинжилгээ өгснөөр, гуравдугаар сарын 4-ний өдөр эерэг хариу гарчээ. Улмаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын нийт 62 хүнээс PCR шинжилгээ авчээ.
Өнөөдөр 15.00 цагийн үед 58 хүний шинжилгээний хариу сөрөг, дөрвийнх нь эерэг гарсан тухай ХӨСҮТ-өөс аймгийн Онцгой комисст мэдэгджээ. Иймд Төв аймгийн Зуунмод хот руу орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоож, сум дотроо "тэг" зогсолт хийж, хавьтлын явсан зам, маршрутыг тодруулахаар ажиллаж байгааг аймгийн ОБГ-ын дарга Н.Төмөрбаатар хэллээ.