БНСУ-д вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлуудыг дархлаажуулалттай холбоогүй гэж үзэж байна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-03-09 14:08:15

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д “COVID-19”-ийн вакцин хийлгэсний дараа нас барсан 11 тохиолдлын наймынх нь нас барсан шалтгааныг вакцинжуулалттай холбоогүй гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.


Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, “AstraZeneca” компанийн вакциныг хийлгэснээсээ хойш хэдхэн хоногийн дараа нас барсан тохиолдлуудын наймд нь дүгнэлт хийсэн бөгөөд гурван тохиолдлыг үргэлжлүүлэн судалж байгаа ажээ.


Тэдний нас барсан шалтгаан эрүүл мэндийн байдалтай нь холбоотой байх өндөр магадлалтай байна гэж мэргэжилтнүүдийн урьдчилан дүгнэлтэд дурджээ. Найман хүн бүгд зүрхний өвчин, чихрийн шижин зэрэг хавсарсан өвчтэйн улмаас асрамжийн газрын эмнэлгүүдэд эмчлүүлж байжээ. Мөн тэдэнд вакцин хийлгэсний дараа харшлын урвал илэрч буй байдал ажиглагдаагүй байна.


Харин тархинд цус алдах, зүрхний дутагдал, септицеми зэрэг үхэлд хүргэж болзошгүй бусад шинж тэмдэг илэрснийг тогтоожээ. Насны хувьд авч үзвэл, дөрөв нь 50 гаруй насны, хоёр нь 60 гаруй насны хүмүүс байсан бол хоёр нь 20 болон 40-өөд насны хүмүүс байжээ.


Тэд вакцин хийлгэснээсээ хойш 22 цагаас дөрвөн хоног орчмын дараа нас баржээ. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, нас барсан хүмүүстэй зэрэг вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд ноцтой тохиолдол бүртгэгдээгүй байна. Цаашид тэдний нас барсан шалтгааныг нарийвчлан тогтоохын тулд задлан шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд найман тохиолдлын дөрвийнх нь задлан шинжилгээг эхлүүлжээ.


COVID-19”-ийн вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлууд бүртгэгдсэнээс үүдэн олон нийтийн дунд вакцины аюулгүй байдалд эргэлзэх асуудал үүсжээ. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд нас барсан бүх тохиолдлыг үргэлжлүүлэн судалсаар байна гэдгээ мэдэгдсэн бөгөөд вакцины аюулгүй байдлыг эмнэлзүйн өргөн хүрээг хамарсан туршилтаар тогтоосон гэдгийг мэдээлжээ.


Мөн Засгийн газар вакцин тариулснаас үүдэн ноцтой гаж нөлөө илэрсэн тохиолдолд зохих нөхөн төлбөрийг олгоно гэж эрүүл мэндийн байгууллагууд мэдээлжээ. Засгийн газар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардал болон эмчилгээтэй холбоотой бусад зардлыг хариуцна. Мөн хэрэв “COVID-19”-ийн вакцин хийлгэсний улмаас хэн нэгэн хөдөлмөр эрхлэх чадвараа алдах юм уу нас барсан тохиолдолд 430 сая хүртэлх воны нөхөн төлбөрийг олгох ажээ. 

Холбоотой мэдээ