Улаанбаатар хотоос ирж байгаа иргэдээс шинжилгээ авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-03-09 16:38:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссоос Улаанбаатар хотоос ирж байгаа иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч оруулахаа мэдэгдсэн.

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор хотоос олон иргэy ирж, аймаг, хот хоорондын хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Хэдийгээр Улаанбаатар хотоос PCR шинжилгээ өгсөн иргэд ирж байгаа ч гэсэн Мандалговь хотын хойд пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч эхлээд байна.

Шинжилгээ авахдаа 16 хүртэл насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, амаржсанаас хойш 56 хүртэлх хоногтой эхчүүд, 60-аас дээш насны иргэд, ХБИ, хорт хавдартай болоод коронавирусний халдварын нэг дэх, хоёр дахь хавьтал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх заалттай өвчтөн, үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан ажилчдаас бусад иргэнээс холбогдох журмын дагуу 25,000 төгрөгийн төлбөр авах ажээ.

Ирсэн иргэд долоо хоног гэр ажиглалтад байх ёстой ба аймгийн Цагдаагийн газар, өрхийн эмнэлгээс байнга хяналт тавин ажиллаж байна.

Сургууль цэцэрлэг эхэлж, хөл хөдөлгөөн ихэсч байгаа тул иргэдийг онцын шаардлагагүй бол Улаанбаатараас аймаг руу зорчихгүй байх, амны хаалтаа зүүж, гараа ариутган, хүн хоорондын зайг барьж халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин биелүүлэхийг аймгийн Онцгой комиссоос уриаллаа.  

Холбоотой мэдээ