ОХУ-ын иргэн паспорт, виз нь бүрэн тохиолдолд хилээр гарч болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто замын Алтанбулаг болон агаарын Буянт-Ухаа боомтоор нутаг буцах ОХУ-ын иргэдийн паспорт, виз бүрэн тохиолдолд УОК-ын зөвшөөрөл шаардахгүй, шууд хилээр гарах боломжтойг Гадаадын иргэн, харьяатын газраас өнөөдөр мэдээлэв.
Буянт-Ухаа агаарын боомтоор буцах ОХУ-ын иргэн агаарын тээврийн үйлчилгээний компанид хандаж нислэгийн талаарх мэдээлэл авахыг тус газраас зөвлөлөө.
Харин БНХАУ-ын иргэдийн хувьд, Монгол Улсад суугаа өөрийн улсын Элчин Сайдын яаманд нутаг буцах хүсэлтээ бүртгүүлж, дараагийн шатны мэдээллээ тодруулах боломжтой юм.
Бусад улсын иргэдийн хувьд, нислэгийн тийзээ захиалсан иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниас холбогдох хариуг хүлээнэ.
Хилээр гарах гадаадын иргэн нь зохих ангиллын хүчин төгөлдөр визтэй, эсвэл “хасалт” хийлгэсэн байх шаардлагатайг анхааруулав. Хэрэв урьсан байгууллагын албан бичигтэй, баримт бичиг бүрэн тохиолдолд хилийн боомт дахь ГИХГ-ын нэгж дээр “гарах-орох” виз олгох, “хасалт” хийх боломжтойг Гадаадын иргэн, харьяатын газар мэдээллээ.
Ташрамд дурдахад, Монгол Улс COVID-19 цар тахал эхэлснээс хойш улсын хил нэвтрэх ачаа тээврээс бусад хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм. Улсын хэмжээнд дархлаажуулах ажил эхэлсэн бөгөөд Засгийн газраас цар тахлын нөхцөл байдал дээрдвэл тавдугаар сарын 1-нээс хилээ нээх зорилт тавин ажиллаж байна.