Гэртээ осолд өртсөн хүүхдийн тоо хөл хорионы үеэр хорин хувь нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-11 13:52:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн хөл хорионы үеэр гэртээ ахуйн осолд хүүхдүүд өртөх нь 20 хувиар нэмэгджээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий хэлэхдээ, "Хүүхдүүд индүү, халуун тогоонд түлэгдэж байгаа нь эцэг эхийн хайхрамжгүй байдалтай шууд холбоотой. Учир нь, хүүхдүүд ингэж бэртэж гэмтэж байгаа нь осол, аюулыг ойлгуулж хэлээгүй, харж хандахгүй байгаагийн илрэл юм. Үүнийг үл хайхрах хүчирхийлэл гэдэг. Тодруулбал,  эцэг эх, томчуул хүүхдүүдээ хараа хяналтгүй, зөнд нь орхих нь үл хайхрах хүчирхийллийн нэг хэлбэр бөгөөд энэ нь бусад хүчирхийллийн эх суурь нь болдог. Мөн хорионы үеэр хүүхдүүд цахим донтолтод өртөж байна"  гэлээ. 


"COVID-19" цар тахалтай холбоотой хөл хорио тогтоож байсан өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-нээс энэ оны 1 дүгээр сарын 8 хүртэлх хоёр сарын хугацаанд хүүхэд хамгааллын тусламжийн 108 дугаарын утсанд нийтдээ 1870 гаруй дуудлага мэдээлэл иржээ. Энд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 300 шахам дуудлага ирснийг ангилбал, 180 гаруй нь үл хайхрах, 127 нь бие махбодын хүчирхийлэлтэй холбоотой байв. Харин гэр бүлийн маргаантай холбоотой дуудлага 218 иржээ. 


Хөл хорионы үеэр хүнсний дэмжлэг хүссэн дуудлага анх удаа ирсэн


108 дугаарын утсанд ирж буй дуудлагыг мэргэжилтнүүд өндөр болон дунд, бага эрсдэлтэй хэмээн ангилдаг байна.  Тухайлбал, өнгөрсөн оны 8 дугаар сарын 20-ны өдөр ирсэн 2717 дуудлагын 2131 нь эрсдэл өндөртэй, 269 нь дунд, 237 нь бага байж, нийт дуудлагын 1336-г нь хяналтад авч, 1318-ыг нь хариу өгөн шийдвэрлэжээ. 


Дуудлага болгоны ард шат дараалсан ажлыг хууль дүрэм, ном журмын дагуу хийдэг.


Тухайн цаг хугацааны дээрх байдлыг 2019 оныхтой харьцуулахад дуудлагын эрсдэл, хариу авсан арга хэмжээ 5 хувиар буурч гарч байсныг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа онцолсон юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа. 


-Эрх нь зөрчигдсөн хүүхэд, иргэдийг халамж, хамгааллын үйлчилгээнд хамруулахдаа яг зорилтот бүлгээ яаж сонгодог вэ? Энэ талаар судалгаа хийдэг үү? 

-Ер нь бол манай харилцааны гол суваг бол тусламжийн 108 дугаарын утас. Мөн ОСГ-ын хороо, багтай хамтран ажиллаж судалгаа явуулдаг. Жишээ нь, хөл хорио тогтоосноос хойш хүнсний дэмжлэг хүссэн дуудлага анх удаагаа 108 дугаарт ирсэн. Ийм 1081 дуудлага ирснийг бид дүүргүүдийн Онцгой комисстой хамтарч судлаад ихэнх өрхөд хүнсний дэмжлэгийг гадаад, дотоодын олон нийтийн байгууллага, ТББ, яам тамгын газар, дүүргүүд дэх өөрийн газруудтай хамтран нөхцөл байдал хүндэрсэн 20 мянган өрхөд хүнс хүргэсэн. Энэ ажил одоо ч үргэлжилж байгаа. Манай газрын нийт 200 ажилтан нийслэлийн нэг сая 500 мянган хүн амын ихэнхид хүрч, хамаарч ажиллах үүрэгтэй юм. 


-Одоо траншейны хүүхдүүд гэж байгаа юу? 

-Тийм хүүхдүүд байхгүй болсон. Өмнө нь бол эцэг эхгүй, бүтэн хагас өнчин, тэнэмэл зэрэг хүүхдүүд олон байсан. Одоо тэд том болцгоож, амьдрал ахуйтай болсон. Одоо бол тийм хүүхдүүд ихэнхдээ асрамж халамжийн төв, түр хамгаалах байранд амьдарч байна. Нийслэлд асрамж халамжийн 28 төв ажиллаж 867 хүүхэд байгаагаас 2 төв нь улсын мэдлийн, бусад нь хувийн болон олон улсын байгууллагынх байгаа. 


Түр хамгаалах байр болон Нэг цэгийн үйлчилгээний төвөөр өнгөрсөн онд 1326 хүүхэд хамрагдаж, үйлчлүүлсэн. Ихэнх хүүхдүүд 10 хоногоос 3 сар хүртэл хугацаагаар байрлах тохиолдол гардаг. Нэг хүүхдийн 5 хоног байрлах зардалд улсаас 60 680 төгрөг зарцуулдаг. Траншейны гэх хүүхдүүдтэй холбоотой нэг зүйл хэлэхэд тухайн үед нийслэлийн Цагдаагийн газарт ажиллаж байсан хурандаа Дагва гэдэг хүн 30 гаруй хүүхдийг цэргийн албанд явуулж байснаар тэр хүүхдүүд энгийн сайхан амьдрал, зөв замд орж гэр бүл, ажил төрөлтэй болж байсан сайхан дурсамж бий гэв.


Траншейны гэгдэх хүүхдүүд одоо байхгүй


Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сэтгүүлчидтэй уулзах үеэр тус газраас "Хүүхдийн эрхэд ээлтэй сэтгүүлзүйг хөгжүүлье" гэсэн уриалга гаргаж хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Учир нь эрх нь зөрчигдөж буй иргэд, хүүхдүүдийг хамгаалж тэдний эрхийг хамгаалахад ХМХ-ийн үүрэг хариуцлага чухал байдаг хэмээн онцолж, энэ үүднээс эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлж, эцэг, эхээс эхлээд иргэдэд хүний эрхийн талаар боловсрол олгох, мэдлэг, мэдээлэл өгөхөд ХМХ нөлөөлж ажиллах гол хүч.

Ингэхдээ сэтгүүлчид эрхзүйн хүрээнд, мэргэжлийн түвшинд ажиллах хэрэгтэй байгааг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тодотгож, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. 

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ