С.Амарсайхан: Тандан судлах ажлын бүх мэдээллийг цахимжуулах хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр ХӨСҮТ-д очиж, эмнэлгийн удирдлага болон Шуурхай удирдлагын нэгжийн багтай уулзаж, нөхцөл байдлыг шалгасан тухай Шадар сайдын ажлын алба мэдээлэв.
ХӨСҮТ-ийн ажлын зохион байгуулалт, шинжилгээний сорьц цуглуулах явц, дам хавьтлыг илрүүлэх, халдварын идэвхтэй голомтод хэрхэн ажиллаж байгаа талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Наранзул танилцуулав. Цар тахлын үеийн тандалт, судалгааг Шуурхай удирдлагын нэгж хийж долоо хоног бүр ажлаа дүгнэж байна. Батлагдсан тохиолдол гарсан байршилд ариутгал, халдваргүйтгэл дутуу хийдэг, батлагдсан тохиолдлыг авч явдаг ч ойрын хавьтлыг шинжилгээнд хамруулдаггүйг Шадар сайд шүүмжилж, дотоод ажлаа сайжруулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.
Тэрбээр, “Шинээр бүртгэсэн тохиолдлын эх үүсвэрүүдийг тодорхойлох ажил хангалтгүй байна. Тандалт, судалгааг өргөжүүлж, нарийвчлан тогтоохын тулд бүх мэдээллийг цахимжуулах хэрэгтэй. ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн ажлын уялдаа холбоо, зохион байгуулалт муу байна. Сэжигтэй тохиолдлын явсан газар бүрийг бүрэн ариутгах, эмнэлгийн ажилчид, албан хаагчдын илүү цалин хөлсийг олгох, тандалтын тоон мэдээллийг яаралтай цахимжуулж, ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй” хэмээв.