“UEFA” Орос, Английн шигшээ багийг “ДАШТ-2016”-гаас хасна хэмээн сүрдүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-06-13 11:45:31

Европын орнуудын  хөл бөмбөгийн холбоо /UEFA/ Франц улсад болж байгаа “ДАШТ-2016” тэмцээнд оролцож байгаа  Орос болон  Английн хөл бөмбөгийн  шигшээ баг хэрвээ тэдгээрийн дэмжигчид дахин эмх замбараагүй байдал бий болгох  юм бол  хоёр багийг тэмцээний  оролцогчдын тооноос хасна гэж хатуу  анхааруулсан тухай  тус  байгууллагын  сайтад нийтэлжээ.

"UEFA”-ийн Гүйцэтгэх хорооны  мэдэгдэлд,  хэрвээ цэнгэлдэх хүрээлэнд  гарсан эмх замбараагүй байдал дахин давтагдах аваас, хараат бус байгууллагуудын өмнө гаргасан шийдвэрийг эс тооцож,  Оросын Хөл бөмбөгийн эвлэл /РФС/ болон Английн Хөл бөмбөгийн холбоонд   /FA /   ямар ч эргэлзээгүй  нэмэлт хориг тавих  болно гэж  дурджээ. “Бид Английн болон Оросын шигшээ багуудыг  өөрсдийн дэмжигчдээ  хариуцлагатай, хүндэтгэлтэй хандахыг уриалахыг хичээнгүйлэн хүсч байна” гэж Олон улсын байгууллага мэдэгдэлдээ онцлон тэмдэглжээ. Түүнчлэн Гүйцэтгэх хороо  тэмцээний аюулгүй байдлыг хангахад  Францын эрх баригчдын гаргаж  буй хүчин чармайлтуудыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

ДАШТ үргэлжлэх хугацаанд Францад хоёр орны хөл бөмбөгийн фанатуудын их хэмжээний мөргөлдөөн гараад буй. Эхний сөргөлдөөн өнгөрсөн баасан гаригт Орос, Английн багуудын дэмжигчдийн хооронд  болжээ. Марселийн Цагдаагийн ажилтны  ярьснаар, хотын  нэгэн бааранд Английн багийн фанатууд Оросын дэмжигчидтэй зодоон хийсэн ажээ. Үүний  дараа 7 хүн баривчлагдсан байна. Бямба гаригт  сөргөлдөөн дахин  илүү хүчтэй газар авч, үүний улмаас 35 хүн бэртэж гэмтжээ. Английн нэг иргэний биеийн байдал туйлын хүнд байгаа тухай Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уламжилж байна. Энэ  бүхний дүнд UEFA Оросын хөл бөмбөгийн шигшээ багийн цэнгэлдэх хүрээлэнгийн  дэмжигчдэд  сахилгын хавтаст хэрэг нээжээ.    

Орос улсын Спортын сайд Виталий Мутко болсон явдалтай холбогдуулан Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийсэн мэдэгдэлдээ, UEFA  зөв зүйтэй шийдвэр гаргасан бөгөөд хөл бөмбөгийн талбай дээр эмх замбараагүй байдал үүсэхэд буруутай Оросын дэмжигчдийг илрүүлж, шийтгэх болно хэмээжээ.  

Москва хот. А.Огторгуймаа   

Холбоотой мэдээ