Йорданд хүчилтөрөгчийн хангамж тасалдсаны улмаас нас барсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-15 10:37:51

БЕЙРУТ. /TASS/. Йорданы Эс-Салт эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүчилтөрөгчийн хангамж тасалдсаны улмаас нас барсан өвчтөнүүдийн тоо 10 болж нэмэгджээ.


Al Mayadeen” телевизийн мэдээлснээр, өвчтөнүүд бүгд коронавирусээр халдварласны улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна.


“Эрх баригчид ямар учраас хүчилтөрөгчийн хангамж тасалдсаныг шалгаж байна. Түүнчлэн энэ хэрэгтэй холбогдуулан Эс-Салт эмнэлгийн ерөнхий эмч Абдель Раззак аль-Хашманаас гадна өөр дөрвөн ажилтныг хорьсон” хэмээн Йорданы Мэдээллийн сайд Сахр Дудин нийслэл Амман хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Эс-Салт эмнэлэгт 7 өвчтөн нас барсан нь шуугиан дэгдээж, энэ хэргийг хэлэлцэхээр ням гарагт парламентыг шуурхай хуралдуулах үеэр хорин депутатаас бүрдсэн бүлэг Бишер аль-Хасауна тэргүүтэй засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх саналыг дэвшүүлсэн байна. Ерөнхий сайд ч мөн болсон хэргийг залруулж боломжгүй том алдаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 


Үүнтэй холбоотойгоор Йорданы хаан II Абдалла Эрүүл мэндийн сайд Назир Обейдатын албан тушаалаасаа огцрох өргөдлийг нь хүлээн авч, эмнэлэгт өөрийн биеэр ирж, нас барсан өвчтөнүүдийн төрөл садныханд эмгэнэл илэрхийлжээ. 


Ням гарагт Йорданд 8053 хүнд коронавирусний халдвар илэрч, халдварын улмаас 61 хүн нас баржээ. Нийслэл Амман хот болон ойролцоох бүсүүдэд халдварын хамгийн олон тохиолдол буюу 3631 тохиолдол бүртгэгдсэн бол Ирбид мужид 1358, Эз-Зарка мужид 588 тохиолдол тус бүр илэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Йорданд 42852 хүн шинжилгээнд хамрагдсанаас 18.79 хувьд нь эерэг хариу гарсан байна. 

Холбоотой мэдээ