Засаг даргын орлогч Г.Чинбатаар ахлуулсан ажлын баг Цогт, Бигэр суманд ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбатаар ахлуулсан ажлын баг гуравдугаар сарын 11,12-нд Цогт, Бигэр суманд ажиллалаа.
Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээг танилцуулах, сумдын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, ажлын зохион байгуулалттай танилцах цаашлаад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн үйлчилгээг малчдад хүргэх зорилгоор дээрх сумдад ажиллажээ.
Энэ үеэр төрийн байгууллагад олон жил ажилласан иргэдэд төрийн шагнал гардуулсан юм. Мөн аймгийн нөөцөөс Цогт сумын малчдад олгох өвс тэжээлийг Засаг дарга Т.Сүхбаатарт хүлээлгэн өгчээ.
Сумдын иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалтаар аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллгааны хөтөлбөрт тусгагдсан:
1. “Сумдын шинэчлэл - Хөдөөгийн хөгжил” төслийн хүрээнд сумандаа суурин сайхан амьдрах боломж нөхцөл хэр байгаа, мөн сумын төвийн аль хэсэгт хэрэгжих, түүнд хэрхэн хамрагдах,
2. “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд сумдын багш, эцэг эх, сурагчдыг хэрхэн чадавхжуулах,
3. “Газар тариалан, жимс жимсгэнэ” төслийн хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, газар тариаланг түшиглэн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, түүний үр ашиг,
4. “Аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг хэрхэн түшиглэх, хөгжүүлэх, нөөц боломж хэрхэн байгаа талаар,
5. ЖДҮ эрхлэгчдийг дэмжих “Инновац судалгаа, бизнес хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааны талаар хариуцсан удирдлагууд малчид, хөдөлмөрчдөд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал бодлыг нь сонсож, эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх талаар харилцан ярилцлаа.