Сайнцагаан сумын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг түр хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-03-16 11:20:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Засаг даргын шийдвэрээр Сайнцагаан сумын ерөнхий боловсролын таван сургууль, найман цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 13-20-ны өдөр хүртэл түр хязгаарлалаа.

Гуравдугаар сарын 11-12-нд хэд хэдэн байгууллагын ачааг тээвэрлэн ирээд, Улаанбаатар хот руу буцсан жолоочийн PCR шинжилгээний хариу эерэг гарсан. Тухайн иргэний явсан маршрутыг тогтоон иргэдэд мэдээлж, нэг болон хоёрдогч хавьтлуудыг тодорхойлон тусгаарлаж, шинжилгээ авч байгааг аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн.

Энэхүү нөхцөл байдлаас үүдэн Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлан, Мандалговь хотыг тойрсон хяналтын цэгийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа юм.

Гуравдугаар сарын 14-ний 11.00 цагийн байдлаар аймгийн төвөөр зорчсон тухайн иргэнтэй ойр харьцсан 25, дам харьцсан 258 хүнийг илрүүлж, тусгаарлан ажиглах байр, гэрийн ажиглалтад авч, хяналт хийж байгаа аж.

Тандалт судалгаагаар хавьтал болсон хугацаанаас шалтгаалан 3 дугаар сарын 12-ны өдөр ойр харьцсан зургаа, 13-ны өдөр мөн зургаан хүнийг тус тус түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулахад хариу нь сөрөг гарчээ.

Дээрх түргэвчилсэн шинжилгээний баталгаажуулах PCR шинжилгээний сорьцыг авч ХӨСҮТ-д хүргүүлэн шинжлүүлэхэд гэр бүлийн ойрын зургаан хүний PCR шинжилгээний хариу мөн сөрөг гарсан байна. 

Холбоотой мэдээ