БНХАУ-аас НҮБ-ын энхийг сахиулагчдад 300 мянган тун вакцин хандивлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-03-16 12:34:28

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ НҮБ-ын энхийг сахиулагчдад “COVID-19”-ийн 300 мянган тун вакцин хандивлах хүсэлтэй байгааг БНХАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Жан Жунь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешт мэдэгджээ.


“Энэхүү хандив нь Хятадын вакцинуудыг дэлхий нийтийн сайн сайхны төлөө зориулах үйлсийн дараагийн алхам болж байгаагийн сацуу БНХАУ-аас НҮБ-д тууштай дэмжлэг үзүүлж буйг илэрхийлж байгаа юм” гэж БНХАУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгчийн газар мэдэгдсэн байна.


“БНХАУ НҮБ-ын энхийг сахиулагчдын аюулгүй байдалд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд тэднийг “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад эрт хамруулах нь эрүүл мэндээ хамгаалах, хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд нь хувь нэмрээ оруулна гэж үзэж байна. Хятадын Засгийн газар хандивын вакцинуудыг энхийг сахиулагчдад аль болох ойрын хугацаанд хүргэх чиглэлд НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газартай нягт хамтран ажиллана” гэж уг мэдэгдэлд дурджээ.


COVID-19”-тэй тэмцэх нь өнөө цагт дэлхий дахинд тулгамдаж буй хамгийн том асуудал болоод байна. Вакцин бол энэ тэмцлийн хамгийн хүчтэй зэвсэг юм. Хятад улс вакцинуудыг тэгш хуваарилахад, ялангуяа хөгжиж буй орнуудад хүртээмжтэй байлгахад өндөр ач холбогдол өгч байна. Мөн цар тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд ялалт байгуулахын төлөө цуцалтгүй хүчин чармайлт гаргахын тулд улс орнуудтай үргэлжлүүлэн эв санаагаа нэгтгэн ажиллана” гэж БНХАУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгчийн газар мэдэгдсэн байна.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд болсон Аюулгүйн Зөвлөлийн уулзалтын үеэр БНХАУ-аас НҮБ-ын энхийг сахиулагчдад вакцин хандивлахаар болсныг мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ