Эмэгтэйчүүд "Хариуцлагатай уул уурхайг манлайлах нь” уриан дор чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-16 13:47:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд" үндэсний III чуулган яг одоо цахимаар болж байна. Чуулганыг нээж УУХҮ-ийн сайд Г.Ёндон үг хэлж, энэ удаагийн чуулганаар уул уурхайн салбарын хөгжлийг эмэгтэйчүүд хамтдаа хөндөн хэлэлцэж буйг онцоллоо. 



Чуулганд УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, УИХ-ын гишүүн асан А.Ундраа, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол улс дахь менежер Н.Дорждарь, УУХҮЯ-ны ахлах шинжээч Т.Чимэгсанаа, Үндэсний геологийн албаны дэд дарга Б.Уянга, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга О.Туяа, "Эрдэнэт" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, "Рио Тинто" компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал, "Оюу толгой" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал асан Ш.Байгалмаа нар оролцож илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж байна. 

Мөн эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 300 гаруй уурхайчин эмэгтэйчүүд оролцож байгаа юм. Тухайлбал, "Багануур" ХК-ийн хэсэг нэгж бүрийн төлөөлөл болсон 25 уурхайчин эмэгтэй оролцож байна. 





Чуулганыг анх "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 40 жилийн ойн хүрээнд "Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө" уриан дор Орхон аймагт зохион байгуулж байв. Хоёрдугаар чуулган 2019 онд УУХҮЯ-ны санаачилгаар “Хамтын хүч, Хөгжлийн гарц" уриан дор Улаанбаатар хотноо болж чуулган бүрээс зөвлөмж гарч уул уурхайн салбарт ажиллагч эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдэх, сурч боловсорч, шинэ техник, технологи эзэмшүүлэх талаар тодорхой ажлууд хийж иржээ. Энэ удаагийн чуулганыг “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь” уриан дор болж байна.





Холбоотой мэдээ