Монголд хөгжин цэцэглэж буй хип-хоп урсгал

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2021-03-17 16:04:43

ВАШИНГТОН. /CNN/. Монголын залуу рэпер Т.Мөнх-Эрдэнэ 1996 онд анх Америкийн хип-хопыг сонсож байв. Түүнээс дөрвөн жилийн өмнө Монголын Зөвлөлттэй нэгдсэн Засгийн газар нуран унаснаар соёлын ертөнцөд шинэ давлагаа түрэн орж иржээ.


Төрийн цензур суларсан нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх шинэ эринийг бий болоход нөлөөлөв. Ийнхүү жи-фанк, бум-бап, гангстерс рэп зэрэг урсгалууд нэвтэрсний дунд тухайн үед өсвөр насны хүү байсан Мөнх-Эрдэнэд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн “Dr. Dre”, “Snoop Dogg” нарын “187 On an Undercover Cop” дууг сонсох болжээ.


“Би өөрийн шүлгээ тэдэн шиг хэмнэл дээр үглэж болохыг ойлгож, рэп бичиж эхэлсэн юм” гэж Мөнх-Эрдэнэ Монголын нийслэл Улаанбаатар хот дахь студиэсээ ярилцлага өгөх үеэрээ дурсан ярив.


Улаанбаатарын ядуу зүдүү гэр хорооллуудын нэгд өссөн тэрбээр дурласан хөгжмөөрөө дамжуулан хотын хүнд хэцүү байдлыг тодотгон харуулжээ. Нүүдэлчин хүн ам нийслэлийг зорих болсноор 1990 оноос хойш гэр хорооллын хамрах хүрээ гурав дахин нэмэгджээ.


Гэр хорооллын бага орлоготой өрхүүдийн дийлэнх нь модоор галладаг зуухтай бөгөөд 2019 оноос нүүрс шатаахыг хоригложээ. Монголд өвөлдөө -20 хэмд хүрч хүйтэрдэг байна. Мөнх-Эрдэнийн хувьд хүүхэд байхдаа ундны ус авахын тулд өдөрт хэдэн км газар алхдаг байжээ.



“Бидэнд уран бүтээлээ бичүүлэх дуу бичлэгийн студи байгаагүй. Тухайн үед ийм студи цөөн, байсан хэд нь өндөр үнэтэй байсан. Миний хувьд рэпийн карьерээ эхлүүлэх тун хүнд байсан. Бидэнд ахиу мөнгө олох, өндөр чанартай дүрс, бичлэг хийлгэх, том компанитай хамтран ажиллах боломж байгаагүй. Телевиз, радио станцууд дуу, бичлэгийг маань хориглодог байсан. Тэд хип-хопыг муу муухай зүйл гэж боддог байсан байх” гэж Мөнх-Эрдэнэ ярилаа.


Харин одоо, хорь гаруй жилийн дараа гэхэд 37 настай тэрбээр “Big Gee” хэмээх нэрээрээ олонд танигдаж, Монголын хамгийн алдартай “MC” нарын нэг болжээ. Мөн Монголын телевизээр тогтмол гардаг болсноос гадна “KFC” сүлжээ рестораны нүүр царай болоод амжсан тэрбээр хип-хоп үлгэрт гардаг ядуусын эгнээнээс баячуудын зэрэглэлд шилжсэн, олон шивээстэй, спорт автомашин унадаг нэгэн болжээ.


Гэвч түүний талаар, Монголын хип-хопчдын талаар далайд гарцгүй тус орноос гадна мэдэх нэгэн цөөн. Ийм байдал нь Их Британийн гэрэл зурагчин, найруулагч Алекс де Мораг “Straight Outta Ulaanbaatar” хэмээх баримтат кино, номдоо тус хотын хамтлагууд, уран бүтээлчдийг оруулахад нөлөөлжээ.


“Ихэнх хүмүүс Монголыг өргөн уудан тал, хоёр бөхтэй тэмээ, морь унасан хүмүүсээр төсөөлдөг хэдий ч тэд хотын орчин дахь контемпорари соёлын талаар огт бодож байгаагүй байх. Иймээс би дэлхий даяар соёлын шилжилт гарч, юмс өөрчлөгдөж байгааг харуулахыг хүссэн юм” гэж А.Мора Лондон хотоос дүрс бичлэгээр дамжуулан ярилцах үеэрээ хэллээ.



Нийгмийн асуудлуудыг зохицуулах нь

Өөрийгөө “хөгжим, дэд соёлд автсан” хэмээн тодорхойлсон А.Мора өмнө нь “Pusha T, MF Doom” зэрэг Америкийн нэртэй рэпперүүд болон “Wu-Tang” хамтлагийн гишүүдийн гэрэл зургийг авч байсан юм. Тэрбээр хип-хоп зураг авалтын тогтсон хэв маягаас зайлсхийхийг эрмэлздэг бөгөөд Монголд өөрийн зардлаар хийсэн аяллынхаа үеэр ч энэхүү хандлагаа баримталжээ. Хэдийгээр зарим зурагт рэпперүүд зүүсэн чимэглэлээ гайхуулж, автомашиныхаа дээр зогссон байсан хэдий ч тэдгээрийн олонх нь уран бүтээлээ туурвидаг жанраасаа илүү халуун дулаан хийгээд дүрсгүй харагдаж байв.


“Би аюултай, зоригтой дүр төрх харуулсан хөрөг зураг авахаас аль болох зайлсхийдэг. Зураг авах үед хэн нэгэн тийм пооз авахад бага зэрэг хөгжилтэй санагддаг. Энэхүү төслөөрөө би илүү дотно, хувь хүнийг харуулсан мөчүүдийг буулгахыг хүссэн” гэж тэрбээр ярив.


А.Морагийн номын нүүрийг чимсэн Big Gee баримтат кинонд ч мөн гол дүрийг бүтээж, хүүрнэгчийн үүрэг гүйцэтгэжээ. Түүний хүүрнэсэн асуудлууд нь Улаанбаатарт амьдрахад тулгамдаж буй сорилтуудын талаар байв.  


“Монголд нийгмийн асуудлууд, ажилгүйдэл, архинд донтолт, авлига гэх мэт олон асуудал бий. Засгийн газар ард иргэддээ бус өөрсдөдөө л анхаарал хандуулж байна” гэж Мөнх-Эрдэнэ хэлжээ.



Түүний хувьд авлига, эрх мэдлээ урвуулах ашиглах зэргийн эсрэг үзэл бодлоо илэрхийлдгээрээ алдаршсан юм. Гэвч иймэрхүү асуудал нь дэлхий дахины хип-хопчдын хөнддөг түгээмэл сэдэв бөгөөд тэрбээр гэр хороололд тулгамдаж буй асуудлууд, өвөг дээдсээ бахархан дээдлэх зэрэг эх орондоо холбогдолтой бусад олон сэдвээр уран бүтээлээ туурвидаг байна. Мөнх-Эрдэнэ зүүн нүднийхээ дор “Монгол” хэмээх үгийг монгол бичгээр шивүүлжээ. Мөн тэрбээр уран бүтээлдээ Хятадын хяналтад байдаг уурхайнууд Монголын ажилтнуудад зүй бус хандаж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн нь арьсны өнгөөр ялгарварлан гадуурхсан үг хэрэглэсэн гэх маргаан дагуулжээ. “CNN” сувагт түүний менежерийн мэдээлснээр, рэппер Хятадын иргэдийг илэрхийлсэн үг хэрэглээгүй боловч клип нь “YouTube”-ээс устгагдсан байна.


Мөн Монголын бусад дууны нэгэн адил байгаль дэлхийнхээ талаар уран бүтээлдээ тусгадаг ажээ. “Би “Миний нутгийг надад үлдээ” зэрэг байгалиа хамгаалах агуулга бүхий дуунууд хийсэн. Жинхэнэ баялаг гэж чухам юуг хэлэх вэ? Мөнгө үү?  Алт уу?  Миний бодлоор, мөнгө, алт, гялалзаж гялтганасан эд зүйлс, том гинж, том машины аль нь ч биш. Жинхэнэ баялаг бол хүн төрөлхтөн, онгон байгаль юм” гэж Мөнх-Эрдэнэ хэллээ.


Хотын хөрөг

А.Морагийн гэрэл зургуудад байгаль ч мөн гол дүрийг бүтээжээ. Тодруулбал, уулс, элсэн манхан харагдах бөгөөд агаарын бохирдол багатай өдрүүдэд цэлмэг хөх тэнгэр Улаанбаатараас тийм ч хол биш санагдана. Нэгэн зурагт Big Gee бүргэд барин тэмээн дээр бахархалтайгаар сууж байгаа нь харагдана.


“Монгол Улсыг “Хөх тэнгэрийн орон” хэмээн нэрлэсэн нь гүн гүнзгий учир шалтгаантай гэж бодож байна. Монголд авсан гэрэл зургууд маш тод гардаг. Би ийм тод нар, ийм хөх тэнгэрийг амьдралдаа харж байгаагүй” гэж А.Мора хэлэв.


Хэдийгээр А.Морагийн төсөл дэд соёлын талаар голчлон өгүүлэх боловч үнэн хэрэгтээ Монголын нийслэлийг хөрөглөн буулгажээ. Түүний гэрэл зургуудад хотын янз бүрийн оршин суугчид, гудамжинд тоглож буй хүүхдүүд, баян хуур тоглож буй ахимаг насны хүнийг ч мөн харуулжээ.



Баримтат кинонд рэпперүүдийн дүрсийг Зөвлөлтийн хэв маяг бүхий ханын зураг, барилга, хөшөөнүүдийн хамтаар буулгажээ. Мөн Англиар бичсэн графит болон кирилл үсгүүдийн хослол нь хот дахь олон янзын соёлыг харуулна.


Энэхүү киноны ард хип-хоп хөгжмийн оронд уламжлалт хөгжмийн зэмсгүүд, салхи, байгалийн чимээ эгшиглэх бөгөөд киноны төгсгөл хэсэгт Монголын залуу рэппер “Maberrant”-ын уран бүтээлийг оруулжээ.


“Хүмүүс энэхүү киног үзээд тэднийг хөгжмөөр нь дүгнэх бус кинонд гарч буй хотыг, хүмүүсийн мөн чанарыг ойлгоосой гэж хүсэж байна. Энэхүү кинонд хотын хөрөг, хотын доторх соёлыг харуулах бөгөөд шүүмжлэл болон хөгжмийн дүгнэлтийн аль нь ч биш юм” гэж А.Мора хэлэв. 

Холбоотой мэдээ