Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-18 09:57:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүнийхээ тангаргийг өргөнө. 


УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцон цагдан хорьж, улмаар шүүхээс 6 жил хорих ял оногдуулсан юм.


Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нар хүсэлт гаргасныг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 3-нд хянан хэлэлцжээ. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан байна. Энэ хугацаанд түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргахаар болсон юм.


УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд, Анхдугаар чуулганаар тангараг өргөөгүй гишүүн анх оролцсон чуулганы хуралдаанд тангаргаа өргөхөөр заасан байна.


Ташрамд дурдахад, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүний халдашгүй байдал нь дуусаагүй байхад цагдан хорьсон гэдэг асуудлаар ХЭҮК-оос мэдэгдэл гаргаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрх шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно гэж заасныг зөрчсөн гэж олон нийт үзэж байв. Учир нь, түүнийг цагдан хорихдоо УИХ-д прокурорын байгууллагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай албан бичиг ирээгүй, Сонгуулийн төв байгууллагаас зөвшөөрөл аваагүй аж.

Холбоотой мэдээ